Ж.Сандагсүрэн: “Aqua garden”-г албадан буулгахад заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, Сэлбэ-Дунд голын энгийн болон онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст орсон “Aqua garden” хорооллын хоёр блок, “S outlets”, мөн “Шунхлай” шатахуун түгээх станц зэрэг барилга, байгууламжуудыг албадан буулгахаар болсон.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтоодог. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эм Энд Жи констракшн” ХХК, түүнчлэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газар нь Сэлбэ голын энгийн хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурвас газарт орсон.
“Эм Энд Жи констракшн” ХХК-д эзэмшүүлсэн газарт барьж байгаа нийт дөрвөн блок барилгын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хоёр блокийг, иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн газарт барьсан барилгын түр зөвшөөрөл бүхий хоёр объектыг албадан буулгана.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-д тухайн үйл ажиллагаа нь иргэдийн нийтийн эрх ашгийг хөндөж байвал заавал сонсох ажиллагаа явуулахгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр заасан. Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан, хэрэгжилт удахгүй хангагдана” гэлээ.