О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн 11 гишүүн хамтарч ажиллаж чадахгүй байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл АН-ын өнөөгийн нөхцөл байдал болоод нүүрсний хулгайтай холбоотой асуудлын талаар News.mn сайтад ярилцлага өгчээ.
Тэрбээр “АН-ын байдал амаргүй байгаа. Энэ нь гадны болон дотоод олон нөхцөлөөс болж байна. Дотроо ч АН-ынханд асуудлууд их бий. Тэр тусмаа АН-ын бүлгийн 11 гишүүн хамтарч ажиллаж чадахгүй байна.
АН-ыг ийм байлгах сонирхолтой, хувь хүн, бүлгийн нөлөө их байдаг. АН-ын бүлгийн дийлэнх гишүүдийн хувьд эв нэгдэлтэй байх, бүлэг олонхын, нийт гишүүдийн талд зогсох ёстой гэсэн байр суурьтай байсаар ирсэн.
2020 онд УИХ-ын сонгууль ахалсан намын дарга С.Эрдэнэ 2023 он болох гэж байхад намын даргаа хийсээр явж байгаа нь зохисгүй. Энэ бол намын дүрэм журам, ёс зүй хэм хэмжээ, соёл уламжлалд байхгүй зүйл.
АН-ын даргыг сонгохтой холбоотой олон зүйл өрнөж байна. Би хувь гишүүн, АН-ын бүлгийн даргын хувьд аль болох эвлэрэл, нягтралын төлөө байр суурьтай ажиллаж байна.
Нүүрсний хулгайн талаарх тодорхой мэдээллийг ил болгохын тулд Засгийн газарт долоон зүйл заалттай шаардлага тавьсан. Мэдээлэл аваад дараагийн бүлгийн хурлуудаар танилцуулна. Хэвлэлээр явж байгаа албан бус мэдээллээр улс төр хийгээд, хамаагүй цацах нь буруу үр дагавартай. Тиймээс албан ёсны мэдээллийг бүрэн гүйцэд өгөх шаардлага тавьж байна” гэжээ.