Зам дээр биш автобусны буудал дээрээ иргэд нь “түгжрэх” вий дээ
Энэ сарын 26-наас тээврийн хэрэгслийг Улсын дугаарын тэгш, сондгойгоор автозамын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Холбогдох албаныхан нь тийн мэдээллээ. Хотын даргын захирамж ч гарч. 20 хоногийн турш ийм маягаар “аргацааж”, түгжрэлийг сааруулах гэнэ. Хөгтэй ч хэрэг болж байна даа та минь...
Түгжрэл бол нийслэлчүүдийн толгойны өвчин болсон асуудал. Түгжрэлээс л болж бид бухимдаж, стрессдэж, хайран цагаа замын голд гацаж, шогширч элээж байгаа. Энэ асуудлыг шийдэхээр үе үеийн хотын дарга нар “хүч сорьсон ч” үнэнхүү гавьяа гаргасан нь үгүй. Үлгэр, туульс мэтийн худал амлалтуудыг урсгаж, төсвийн мөнгийг хоосон зарлагадсаар л өнөөтэй золгосон. Гашуун үнэн л ийм.
Бүр сүүлдээ бид Түгжрэлийн сайдтай болсон. Гэвч тэр хүн маань таг, бараа сураггүй. Төсвийн 400 гаруй тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулах ажилд захиран зарцуулах эрх мэдлийг “халааслачихаад”, дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахаас өөр дорвитой шийдэл олж, ончтой ажил хийж чадахгүй байгаа нь тун чиг эмгэнэлтэй.
За тэр нь дүүрч. Тэгш, сондгойгоор зорчьё, асуудалгүй. Хамгийн гол нь нийтийн тээвэр нь ачааллаа дийлэх болов уу гэдгээс л олон нийт эмээж байна. Иргэд энгийн үед ч цөхөртлөө автобус хүлээж, хөхөртлөө даарч, бээрч, ирсэн нэгэнд нь “алалцан, барин шингэж”, ихээ адал явдалтайгаар зорьсон газартаа хүрцгээдэг. Өнгөрөгч Даваа гарагт ч яг л ийм үйл явдал болсон доо. Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ гээд л эртнээс л ярьсан. Энэ жилээс харин овоо сайшаам үр дүн гарч, шинэ автобуснууд орж ирж байгаа ч тэр нь хангалтгүй байгааг хэн хүнгүй л харж, мэдэрч байгаа.
Тиймээс манай нийслэлийн удирдлагууд дугаарын, тэгш сондгойгоор хязгаарлах шийдвэрийнхээ хамтаар нийтийн тээврийн асуудлаа ч мөн тооцсон байх гэж итгэж байна. Дараагийн ээлжийн автобуснууд ирэх сарын эхээр орж ирэх сураг бий. Тэр ажлаа шуурхайлж, учирч болох эрсдлээ урьдчилан сайтар цэгнэхгүй бол замын түгжрэл саарсан ч түмэн нь автобусны буудал дээрээ “түгжрэх” өрөвдөм дүр зураг ноёлж мэдэхээр л байгаа шүү...
Д.Сүрэн
Sanuulga.mn