Допингийн шинжилгээний хариу гарсны дараа л амжилтыг нь “албажуулдаг” байя
Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээлэл хийж байна. Улсын наадамд 5 давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг танилцууллаа. Нэг бөхөөс допинг илэрсэн гэж нотлов. Нийгэм даяар тэр бөхийг нь энэ жилийн наадмын түрүү, Улсын арслан М.Бадарч хэмээн хардаж байна. Зарим нэг хэвлэлүүдээр ч тийм мэдээ яваад эхэлж. Чухамдаа хэнээс но илэрсэн нь гол биш. Үүнээс улбаалаад цаашид анхаарам хэд хэдэн асуудал байгааг л нухацтай хэлцэх цаг нь ирж...
Ер нь цаашид бид Улсын наадамд 5 давж, Улсын цолонд хүрсэн бөхчүүдэд шууд цол олгодгоо болих хэрэгтэй. Тухайн үедээ Ерөнхийлөгч зарлиг гаргаад олгодог. Гэтэл энэ мэт шалтгаанаас үүдэж зарлигаа буцаах хүртэл нөхцөлд хүрч байна шүү дээ. Ерөнхийлөгч бол төр. Тийн атал Монгол төрийн зарлиг, шийдвэр буцна, цуцлагдана гэдэг утгагүй. Нэг талаараа энэ нь маш том доромжлол, байж болшгүй үйл. Нөгөө талаараа Монгол наадмын үнэ цэнийг асар ихээр унагаж, гутааж буй жигшүүрт үйлдэл. Тиймээс Улсын наадамд онцгойрч, Улсын цолонд хүрсэн бөхчүүдэд тухайн үед нь Ерөнхийлөгчийн зарлигаар шууд цол олголгүй, түр үнэмлэх, батламж мэтийг олгож байгаад, допингийн шинжилгээний хариу гарсны дараа л амжилтыг нь утгаар нь албажуулдаг зөв системд шилжих хэрэгтэй.
Мөнхүү бас манай орон нутгийнхан, нутгийн зөвлөлийнхөн юу юугүй л шинэ цолтнуудаа машин техник, байр сууцаар мялаадаг явдлаа зогсоож, эргэн харвал зохино. Шинэ цолтон төрлөө гээд л байдгаа тавиад туучихдаг. Гэтэл тэр бөхөөс нь дээрх мэт допинг илэрч, цолоо хураалгахдаа тулвал нөхцөл байдал хэрхэн эргэх бол. Тийн талаас нь бодож, цэгнэж, допингийн шинжилгээний хариу гарсны дараа л бэлэг сэлтээ бэлдэж, мялаалга найр наадмаа зохиох асуудлаа идэвхийлэх нь өлзийтэй.
Ямартай ч допинг тойрсон ийм хоёр өнцөг цухалзаж байна. Монгол төрийн наадам ариун, шударга байж, Монголын хүчтэнүүд үнэнхүү бяраараа эрэмгийгээ тодруулдаг тийм нандин жаяг битгий бөхөөсөй. Битгий бөхөөгөөсэй...
Д.Сүрэн
Sanuulga.mn