Л.Цандэлэг: З.Энхболд надад “Чи тойргоо өгчих, нам ялчихвал би чамд Хөдөө, аж ахуйн сайдын суудал өгье” гэсэн
Монгол улсын гавьяат тариаланч Л.Цандэлэгийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх ярилцлага News.mn сайтад өнөөдөр нийтлэгджээ.
Тэрбээр “Би Ардчилсан намын гишүүн байхаа больсон. 30 жил энэ намд явлаа. З.Энхболд гэдэг хүн гарч ирээд, намын дарга болсон. Сэлэнгэд сонгуулийн 27 дугаар тойрогт нэр дэвших гэж байтал намайг хасаад, дуучин Эрдэнэтунгалагийг миний оронд тавьсан юм.
Би тэр үед намдаа 20 сая төгрөг өгсөн байсан. З.Энхболд түүнээс тусдаа намайг шантаажилж, мөнгө нэхсэн. Тэгэхээр нь “Би чамд мөнгө өгөхгүй ээ. Чи сонгууль будлиантуулж, өөрийн эрх ашгийн төлөө намыг ашиглаж байна” гэж хэлсэн. Тэгээд л намайг тойргоос хассан юм.
Тухайн үед З.Энхболд надад “Чи тойргоо өгчих, нам ялчихвал би чамд Хөдөө, аж ахуйн сайдын суудал өгье” гэсэн. Тэгэхээр нь “Танай нам хэзээ ч ялахгүй, чи сонгуулийн тойроггүй байж хүмүүсээ яаж бүрдүүлэх юм бэ” гээд хэлсэн чинь намайг намаас хөөчихсөн.
Нийт таван хүн намаас хөөгдсөний хоёрдугаарт миний нэр байж байгаа юм. Би З.Энхболдыг нохой зээх шиг, хэзээ ч өөрөө амьтан барьдаггүй, дандаа “сэг зэмээр хооллодог”, энэ намыг бутаргаж байна гэдэг утгаар хэлчихсэн. Яг л тэрүүгээр болсон.
Өнөөдөр сөрөг хүчин маань сөрөг хүчин шиг биш, цөөхөн хэдэн нөхөд дандаа амин хувиа хичээсэн байдалтай болчихсон.
Яагаад дуугарахгүй байна вэ гэхээр бүгд хувийн эрх ашгийн төлөө. Энэ 76 гишүүнийг харахаар МАН ч ялгаа байхгүй, Ардчилсан нам ч ялгаа байхгүй яаж төсвийн мөнгөнөөс булаацалдаж идэх вэ гэсэн бодолтой яваад байна. Тэгэхээр яаж энэ улс орон хөгжих вэ.
Ийм төсөв батална гэдэг ер нь гамшиг. Төсвийн ганцхан хуультай байя гэсэн, одоо зөндөө олон юм оруулж ирээд, энд тэндгүй фракц фракцаараа хуваагаад, дөрөв таван хэсэг болгоод хаячихсан. Хэнтийгээс эхлээд замбараагүй байгааг та нар харж байгаа биз дээ. Ингэж болохгүй шүү дээ.
Эр бяраа гаргаж, хоорондоо булаацалдаж, төсвийн мөнгийг хувааж идсэний улмаас гарах үр дүн ойлгомжтой. Нөгөө “улныхан” гэдэг айлууд нь л олширч байх ших байна даа” гэжээ.