"S'Outlets" болон "Aqua Garden"-ыг албадан буулгана
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2023.08.18/ 2016 оноос өмнө барилгын зөвшөөрөл аваад одоог хүртэл барилга бариагүй газар болон үерийн судалгааны тайлан, үерийн эрсдэлтэй бүс дэх 3000 айлыг шилжүүлэн нүүлгэх, мөн S'Outlets, Aqua garden барилгын асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Хотын дарга "авлига хороолол" гэгдэх дараах барилга байгууламжийг буулгахаар захирамж гаргасан гэдгээ онцлов.
Тэрбээр "Улсын тусгай хамгааллатда авах 1887 га талбай бий. Тус бүс нутаг болох "авлига хороолол" буюу "Aqua garden"-д хуулийн дагуу арга хэмжээ авч, шууд буулгана. Бүсээс гаргана гэсэн үг юм. S'Outlets-ийг ч мөн адил буулгана. Манай хуулийн баг үүн дээр ажиллаж байгаа. Түүнчлэн "Шунхлай" ШТС-ыг буулгана" хэмээлээ.
Захирамжийг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд захирамжилсан гэгдсэн юм. Энэ захирамжийн гол үндсэн нь иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон ажээ. Захирамж гарсны дараа ажлын хэсэг байгуулж, "Aqua Garden" хотхоноос барилга захиалсан иргэдийн асуудлыг шийдэх аж.
Дээрх барилга, байгууламжуудыг буулгахдаа нураах төсвийг нийслэлээс гарган ажиллах юм байна. Мөн барилга барьсан компаниас төсөв гаргуулна гэдгийг Хотын дарга мэдээллээ.