Х.Нямбаатар: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулна
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” хамтарсан багийн үндэсний V чуулган Төрийн ордонд болж байна.
Чуулганыг нээж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлсэн үгэндээ "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг бүх хуультай уялдуулна. Үүний хүрээнд хуулийн реформууд хийж байна. Саяхан Хууль зүйн туслалцааны тухай хууль батлагдсан. Тус хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн төлбөрийн чадваргүй хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой болсон. Цаашид гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санааны хохирол амссан хүмүүсийн хохирлыг барагдуулж, үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болгоно.
Ирэх жилээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүмүүст биечилсэн сургалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлд тодорхой ажлуудыг хийнэ, төсөл хэрэгжүүлнэ. 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулна.
Эхний ээлжинд Android үйлдлийн системтэй программуудыг нэвтрүүлж байгаа. Цаашид IOS системд шилжинэ. Энэ ажил амжилттай өрнөвөл 2023 оны төгсгөл гэхэд Эрүүгийн хэргийг цахимаар шийддэг болно. Түүнчлэн хөнгөн хэргийн шүүх хурлыг цахимаар явуулна” гэлээ.
Sanuulga.mn