"Есдүгээр сарын 10-нд 810 автобусыг оруулж ирнэ"
Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Ээлжийн амралтаасаа орж ирэх ажилчид хийгээд хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор удахгүй бидний түгжрэх мөч айсуй.
Түгжрэлийг шийдэхээр автобус парк шинэчлэлт хийж байгаа билээ. Тэгвэл энэ жил оруулж ирэх үлдсэн автобуснууд хэзээ орж ирэх талаар тодруулав. Албаны эх сурвалж "Нийт 810 автобус орж ирнэ. Графикийн дагуу БНСУ-д үйлдвэрлэсэн евро5 стандартын 600 автобус‚ 50 бага оврын автобус‚ 160 цахилгаан автобус байх юм. Энэхүү импортоор оруулж ирж буй автобусны нээлтийг есдүгээр сарын 10 орчимд байна гэж төсөөлж байна" хэмээлээ.
Мөн хичээлийн шинэ жилийн үеэр түгжрэл эрс нэмэгддэгтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах‚ нэмэлт автобусны талаар Нийслэлийн зам тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулав.
Тэрбээр “Жил бүрийн зургаадугаар сарын 15-наас нийтийн тээвэр зуны хуваарьт шилждэг. Энэ нь ЕБС болон их дээд сургуулиудын амралттай холбоотойгоор үйлчилгээнд гаргаж буй автобусныхаа тоог хасах үйл явц юм. Харин хичээл сургууль эхэлж хүйтний улирал ирж буйтай холбоотойгоор есдүгээр сарын дундуур нийтийн тээврийн хэрэгслийн тоогоо нэмдэг. Парк шинэчлэлтийн хүрээнд орж ирж буй автобуснууд нэмэлтээр үйлчилгээнд гарна гэсэн үг бус ашиглалтын хугацаа дуусаж буй автобуснуудыг нөхөн хангалтаар үйлчилгээнд оруулна. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү иргэдэд хүрэлцэх хүртэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны маршрут төлөвлөлт дахин хийн ажиллаж байгаа. Энэхүү ажил нь зөвхөн төлөвлөлтийн түвшинд л явагдаж байгаа” хэмээлээ.
Зам тээвэр төлөвлөлтийн газраас нэгдүгээр эгнээг тусгаарласнаар нийтийн тээврийн хурд 8-13 км цагаар дээшилж автобусыг сонгох хүмүүс нэмэгдсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр есдүгээр сард шинэ автобус ирж мөн нийтийн тээвэр өвлийн ээлжиндээ орж автобусны тоо нэмэгдвэл түгжрэлийн асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэх магадлалтай хэмээж буй.
Эх сурвалж: Eguur.mn