“Түгжрэлийн эрин” айсуй. Түгжрэлийн сайд маань харин хаачив...
Наадмын дараа намар гэдэг. Найр наадам, аялал зугаалгын үе ерөнхийдөө шувтарч, ажил хөдөлмөртөө шамдаж, өвлийн бэлтгэлээ базаах цаг эрхгүй иржээ. Энэ сарын 28-наас оюутнуудын хичээл эхэлнэ, мөдхөн сурагчид ч “албандаа мордоно”. Нийслэл хот маань одоо л утгаараа “амь орох нь”. Улаанбаатарчуудын утаа, түгжрэл ярьж, уур, уцаараа “тэвчдэг” цаг орчлонгийн жамаар айсуй санж...
Урины цагт бол Улаанбаатарын зам сэлүүхэн, сайхан л байлаа. Хотын иргэдийн дийлэнх нь хөдөөг зорьж, хөл хүрэх газартаа аялж, зугаалж, амрахаар одсоны ачаар л тэр шүү дээ.
Түгжрэлийн сайд маань ч сэтгэл амар зунших шиг боллоо. Бараа, сүрээ харуулах нь ховордож, бараг тийм сайд байдаг сан бил үү гэж олон түмэн эргэлзэхүйцээр тухлан, налайв. Баяр, наадам хэсээд л яваа үзэгдэх. Гэхдээ сайдын энэ жаргал төдийлөн удаан үргэлжлэхгүй нь л даанч харамсам.
Жил бүрийн Хичээлийн шинэ жилийн эхэн өдөр чухам юу болдгийг бид мэднэ. Агуу том гацаа, тэг зогсолт. Тийн нөхцлийг бид олонтоо дайрсан ч сааруулах, давах гарц, гаргалгаа олоогүй хэвээр л. Уг нь манай түгжрэлийн сайд хувийн цэнгэл хөөж явахынхаа оронд түмнээ бодож, түгжрэлийн асуудлаа чухалчилж зуншсан бол л сайн сан. Ирэх намар гэхэд нийслэлийг түгжрэлгүй болгоно гэх агуулгатай ихээ олон зүйлсийг яриад л байсан. Гэтэл үр дүн алга, бахь байдгаараа л.
“Түгжрэлийг бууруул аа” гээд түүнд 400 гаруй тэрбум төгрөгийг захиран, зарцуулах эрх мэдэл олгосон. Тийн атал санаачилга, зүтгэл алга. Сайтар мэрийж, сэтгэл үнэртүүлсэн өчүүхэн гавьяа ч түүнд байсангүй.
Чаднаа гээд л албанд томилогдсон бол чадлаа утгаар нь харуулж, мэдрүүлэх нь зүй. Чадахгүй бол чаддаг нэгэнд нь суудлаа тавиад өгчих л хэрэгтэй дээ.
Олон түмэн таныг овоохон удаан л харлаа, хүлцлээ. Одоо уурсаж байна, бухимдаж байна. Түжрэлийн сайд Ж.Сүхбаатартанг ажлаа хий гэж шаардаж байна. “Түгжрэлийн эрин” айсуй. Түгжрэлийн сайд маань харин хаачив...
Д.Сүрэн
Sanuulga.mn