Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Бүлгийн даргаасаа авхуулаад амлалтаа умартсан МАНгаруудаас бид юу хүлээх вэ...

Бүлгийн даргаасаа авхуулаад амлалтаа умартсан МАНгаруудаас бид юу хүлээх вэ...

Сонгуулийн амлалт гэж нэг “золигийн” зүйл бий. Сонгуульд нэр дэвшигчдийн сонгогдох эс сонгогдох нь түүнээс л шалтгаалдаг гээд хэлэхэд хилс болохгүй. Манай дээдчүүл сайхан сайхан л амладаг, амласаар ч ирсэн. Тийн хэрээр улстөрийн тавцнаа хүссэн суудал, эрх мэдлээ ч авсан. Харин эргээд хэлснээ ажил хэрэг болгож “амилуулдаг нь, амилуулсан нь” тун ховор. Ардаа “молигодож”, ам мэхээр тайтгаруулсаар “замхрах” нь л дийлэнх.

Саяхан даа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Татвар нэмэхгүй гэсэн амлалт 2016 оных. 2020 онд бид тэгж амлаагүй. Та бүхэн сонгуулийн амлалтуудыг ялгаж ойлгох нь зөв” гэх ухааны зүйлсийг ярьж байна билээ. Тун чиг хоржоонтой.

Үнэхээр Д.Тогтохсүрэн даргын хэлсэн үг үнэн байсан бол яая гэхэв. Өнгөрөөж болох. Гэтэл 2020 оны МАН-ын мөрийн хөтөлбөрийг шүүгээд үзэхнээ татвар нэмэхгүй гэсэн агуулгатай хоёр ч заалт харагдаж байх юм. Хар дээр цагаанаар биччихсэн. Тодоос тод...

Сийрүүлбэл, МАН-ын мөрийн хөтөлбөрийн:

1.1.8-д “Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна,

2.5.10-т “Өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоог бий болгоно” гэжээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тэгэхээр Д.Тогтохсүрэн дарга л “залсан” байж таарах нь. Уг нь бүлгийн даргын амнаас ийм үг гарамгүй л. Энэ хүн л чухам хариуцлагатай, нямбай, үлгэр жишээ, үнэн байх учиртай шүү дээ. Гэтэл тиймгүй. Бүр эсрэгээрээ намын амлалтаа ч умартаж, баарч, бантаж байх.

Бүлгийн дарга нь ийн амлалтаа санахгүй байхад бусадтай нь ч тэгээд юу ярих вэ дээ. Эрх баригчдад хүлээлт талбихын үндэс алга. Хөгжүүлнэ, улсыг өөд нь татна гэж итгэхийн өчүүхэн ч “дөл” бадрахгүй нь.

Угтаа амласан бол “албажуулчихдаг” түшээдтэй, улстөрчидтэй байвал сайхан. За тэр нь ч дүүрч. Амласнаа ядаж мартддаггүй нь байвал л зол болсон цаг юмсанж. Арай л доромж юм. Ардаа ингэж элэглэхээсээ ичмээр юм даа Д.Тогтохсүрэн дарга аа, МАН-ынхаан...  

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)