Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Л.Оюун-Эрдэнийг “дайснаа“ гэж харах шалтгаан “хэнд“ байна вэ?

Л.Оюун-Эрдэнийг “дайснаа“ гэж харах шалтгаан “хэнд“ байна вэ?

Монголын улс төрийн талбарт ганцаардсан чоно шиг явж байгаа улстөрч бол Л.Оюун-Эрдэнэ гэдэг юм. Яагаад гэхээр түүнээс өмнөх бүх лидер өөрийн бодит дэмжигчид, тойрон хүрээлдэг хүмүүстэй байдаг. Тэднийг нь гоёор хэлбэл баг гэдэг. Муухайгаар бол бүлэглэл гэх аж. Тэр нь Л.Оюун-Эрдэнэд байдаггүй юм байна. Ямар сайндаа түүнийг Х.Нямбаатараас өөр үнэнч хүнгүй гэх шахам зүйлийг гадаадын хэвлэлд хүртэл бичсэн байх вэ. Энэ үнэний ортой гэдгийг бүгдээрээ л мэднэ.

Шулуун хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн дайснууд намд нь ч, засагт нь ч байна. Зундаа л салхинд гарч элдвээ хүүрнэж, толгой дохилцдог баг, бүлэглэлүүдийн уулзалтын сэдэв нь тэр болоод уджээ. Энэ жил ч давтагдсан байна. Энэ намрын улс төр халуун болно гээд хаа сайгүй яриад л, бичээд л байна. Тэр халуун улс төрийн төв цэг нь Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газар болоод байгаа юм. Төв цэг гэдгийг объект гээд ойлгочихсон ч болно. Нэг талаас ийм юм.

Нөгөө талаас Л.Оюун-Эрдэнийн үйлдэл, үйл ажиллагаанууд нь их хачин. Ямар ч улстөрч үзэл баримтлал, намын харьяалалдаа хөтлөгдсөн үйл ажиллагаа явуулдаг. Л.Оюун-Эрдэнэ бол тэгдэггүй. Барьцгүй. Өнцөггүй. Жишээ нь Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга байгаад байдаг. Гэсэн атлаа АН-ын юм шиг ажилладаг, ярьдаг. Коммунист ч юм шиг, либерал ч юм шиг ажилладаг. Товч хэлэхэд, баруунтан уу, зүүнтэн үү гэдгийг тодорхойлоход хэцүү. Нэг л жишээ гэхэд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхүүдийг хараарай. Тэнд жинхэнэ “олон намын тогтолцоо” байж байх жишээтэй.

Ерөөсөө Л.Оюун-Эрдэнийн яриад, хийгээд байдаг нь нэг талаар коммунист хүний л үйлдэл харагддаг. Уг нь амьдрал дээр коммунист нийгэмтэй улс орон хэзээ ч байгаагүй гэдэг. Дээр хэлсэнчлэн ерээд оноос өмнө барууныхан ЗХУ болон бусад социалист гэгдэж байсан орнуудыг “Коммунист улс” гэдэг байж л дээ. Бид тэр ерээд оноос өмнөх 70 жил энэ сурталд нухлуулж, чихнээ хоногшуулсан учраас тэр долгионыг нь барьж авч чаддаггүй байж мэднэ.

Коммунизм нь онолоороо нийгмийн тэгш байдлыг хангах үйлдвэрлэлийн хэрэгслийн нийгмийн өмчид суурилсан нийгэм, эдийн засгийн онолын тогтолцоо юм. Л.Оюун-Эрдэнийн зарим үйлдэл энэ рүү л яваад байдаг. Хувьд очсон том орд, үйлдвэрүүдийг улсад буцаана гэх зэргээр яваад байгаа нь үүний нотолгоо юм.

Нөгөө талаас тэр либерализм ханхлуулдаг. Мөн л үйл ажиллагаа, яриа хөөрөө нь хүний эрх чөлөөг ханган хамгаалах, эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлах, ардчилал бол тулгуур үнэт зүйл, зах зээлийн тогтолцоо, парламентат ёс, олон ургальч үзэл, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх гээд либерализмын хэв шинж рүү хөтөлдөг. Ингэж ярьдаг, хийдэг. Сая АНУ-д айлчлаад ярьж тохирсон зүйлүүдийн дийлэнх нь дээрх онолтой уягдана.

Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын дарга шүү дээ. МАН ямар нам билээ дээ. Үүнийг мартаж болохгүй. Энэ нам социал демократ үзэл баримтлалтай гэдэг. МАН-ын генсек нь үзэл баримтлалаа “Маш товчоор хэлэхэд хүн төвтэй хөгжлийн бодлогыг социал демократ үзэл баримтлал гэж болно. Хүн хорвоод мэндлэхдээ олон эрх, үүрэг, дагасан хариуцлагатайгаа ирдэг. Энэ бүхнийг өргөн хүрээгээр нь агуулж, тэр хэрээр хамгаалах шаардлагыг бий болгодог үзэл санаа социал демократ үзэл баримтлалд илүүтэйгээр тусгагддаг. Нөгөө талаас монголчуудын зан заншил, ёс суртахуун гээд олон зүйл дээр нийтийн хамтач үзэл давамгайлдаг.

Энэхүү хамтач үзлийн үндэс нь социал демократ үзэл баримтлал гэж бид үздэг. Тэр ч утгаараа 1990-ээд оноос олон намын тогтолцоонд шилжсэн цаг үеэс эхлээд энэ нам өөрийнхөө үзэл баримтлалыг олж, төлөвших арга замыг хэдэнтээ эрэлхийлсэн байдаг. Тухайлбал, 1990-ээд оны дунд үед бид яг ямар үзэлтэй улс төрийн хүчин байх ёстой вэ, дэлхий даяар ямар үзэл баримтлал олон нийтийн дэмжлэгийг авч давамгайлж байна вэ, хэт зүүнээс зүүн төв рүү шилжиж буй намуудад аль чиглэл нь илүү тохиромжтой вэ гээд үзэл баримтлалын сонголтууд хэдэнтээ гарсан” гэж тайлбарласан. Гэхдээ энэ лав Л.Оюун-Эрдэнийн дагадаг чиг шугам биш. Ийм л барьц барилгүй бөмбөг шиг хүн.

Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ яагаад ийм олон дайсантай болчихов гэдэг талаас нь харах хэрэгтэй байх.

Монголын нийгэм, улс төр, эдийн засагт сүүлийн гурван жилийн хугацаанд тогтолцооны томоохон өөрчлөлтүүд гарлаа. Сайн муугийнх нь үр дүн сардаа, жилдаа, бүр алсдаа гарах өөрчлөлтүүд Үндсэн хуульд, бусад олон хуульд орлоо. Эдгээрийг энэ хүнээс салгаж ойлгох боломжгүй юм. Тэр утгаараа Л.Оюун-Эрдэнэ яахын аргагүй Монголын улс төрийн энэ цаг үеийн “төвийн тоглогч” нь болоод байгаа юм. Гэлээ гээд ардчилсан нийгэмд түүний үйлдлийг тэр чигт нь зөвтгөх боломжгүй. Бүх зүйл Л.Оюун-Эрдэнийн хүссэнээр 100 хувь шийдэгдэж ч болохгүй. Тэгвэл буруу болно.

Гэхдээ ямар ч байсан улстөрчид бизнесмэнүүд нийлж байгаад төрийн, нийтийн хөрөнгийг хувийн юм шиг хэрэглэдэг байсан явдал ерөнхийдөө тасарч байх шиг байна. Өнөө маргаашдаа нүдэнд харагдаж, гарт баригдаагүй өөрчлөлтийн талаар яриад яахав.

Харин тэд Хөгжлийн банкнаас зээл авахгүй. Боловсролын зээлийн сангаар хүүхдээ сургахгүй. ЖДҮХС-гаас компаниараа зээл авахгүй. Эрдэнэт шиг том ордыг УИХ-аар оруулалгүй хувьдаа авахгүй. Газрын албаныхан газрыг га га-гаар нь ил цагаан зарахгүй. Нүүрсний экспортоос хумсалж дураараа дургихгүй. Иймэрхүү үр дүн бол харагдаад байгаа юм.

Гэхдээ томчууд голдуу нөхдийн араанд зуугдсан Л.Оюун-Эрдэнийн үйлдлүүд Монголын нийгэмд олон дохио, том том сургамжуудыг өгч чадлаа. Өөрийнх нь хэлдгээр үүнд нийгэм ч дүгнэлтээ хийчихээд байна. Ерөөсөө ардчилсан нийгмийн нэг гайхамшиг бол нийгэм өөрөө өөрийгөө засдаг. Гол нь тэр өөрчлөлтийг уриалан дууддаг манлайлагч л хэрэгтэй байдаг. Яг энэ агуулгаар бол Л.Оюун-Эрдэнэ “хонхны дуу” дуулчихаад байгаа юм.

Б.Тулгат

Эх сурвалж: sonin.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • хө • 1 жил - 122.201.31.234 Хариулах
    Хулгай худалч луйвар хийхдаа адилхан гаршсан М.А.Н А.Н.2 адилхан та нарт хэн итгэх вэ та нар зүгээр хулгайлсан хөрөнгөө