Аавынхаа “ар”-ыг хамгаалагч "сайн" хүү
Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын эдийн засаг, улсын төсөвт жин дарахуйц хэмжээний дэмжлэг үзүүлдэг хэдий ч тэр хэрээр үе үеийн улс төрчдийн “угж” болж ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой томоохон луйварын хэрэгт мөнгөн дүнгээрээ “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгсөн асуудал том байр суурь эзэлдэг.
Харамсалтай нь 10 жил үргэлжилсэн энэ хэрэг саяхан шүүхээр эцэслэн шийдэгдлээ. Сонирхолтой нь тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригт 2 тэрбумын буцаан олголт хийх, 14 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан нь олны дургүйцлийг төрүүлэв.
Ч.Ганзоригийн төрсөн ах Ч.Батзориг оффшор бүсэд 6 данс эзэмшдэг тухай мэдээлэл хэвлэлээр гарч байсан төдийгүй түүний данс нээсэн цаг хугацаа нь Ч.Ганзоригийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан цаг хугацаатай тохирдог гэдэг. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн захирал байх үед нь хувийн бизнес нь өргөжиж хороололын эцэст баригдсан “Govi complex” гэх 9 давхар барилга баригдсан аж.
Ч.Ганзориг хууль хяналтын байгууллагаар шалгагдаад явж байхдаа 2016 онд МАН-ын санхүүжүүлэгчдийн нэг гэдгээрээ “түрий барьж”, төрсөн хүү Г.Тэмүүлэнгээ Архангай аймгаас УИХ-д нэр дэвшүүлэн гишүүн болгосон. Сонирхолтой нь түүний төрсөн ээж Д.Дэнсмаа хүүгийнхээ сонгуульд иргэний нэрээр 300 сая төгрөгийн хандив өргөжээ.
Хүү Г.Тэмүүлэн нь 2017 онд УИХ-ын гишүүн байхдаа ээж Довдонгийн Дэнсмаагийн эзэмшлийн Баянгол дүүрэгт байрладаг "Спа цогцолбор" ХХК-ийн нэр дээр ЖДҮ-ээс 700 сая төгрөгийн зээлийг авчээ. Мөн эхнэрийнхээ нэр дээр ЖДҮ-ээс зээл авч байсан гэдэг.
Харин өнөөдөр тэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга.
Аав Ч.Ганзориг нь авлига албан тушаалын хэргээр шүүхээс яллагдах нь тодорхой байсан ч саяхан болж өнгөрсөн шүүхээс хамгийн хөнгөн байдлаар шийдвэрлэгдлээ. Түүнд УИХ-н гишүүн Г.Тэмүүлэн нөлөөөлж, аавыгаа ялнаас “мулталчихлаа” гэж хардах хүмүүс олон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг ард түмний төлөө ажилладаг биш, аав ээжийнхээ арыг хамгаалдаг “сайн хүү” гэж хэлж болохоор байна.
А.Галт
Сануулга.мн