Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ардчилсан намынхан одоо боль оо, том бай, том сэтгэ, томоож

Ардчилсан намынхан одоо боль оо, том бай, том сэтгэ, томоож

Нийслэлчүүдийн хувьд нэлээдгүй хүнд өдрүүд үргэлжилж байна. Үерийн гамшгаас үүдэж дөрвийн дөрвөн хүний алтан амь эрсэдлээ. Одоогоор мэдэгдсэн нь л ийм, ойрмогхон энэ тоо өсөхийг ч үгүйсгэшгүй. Харамсалтай, дэндүү харамсалтай. Өчнөөн хүн эд хөрөнгөөрөө хохирч, өчнөөн өрх “гудамжинд гарлаа”. Өр өвтгөм, нүд хальтрам дүр зураг ноёлж байна. Үүний хариуцлагыг чухам хэн үүрэх вэ? Сэтгэл, зүтгэлгүй дарга нар, хотын удирдлагууд уу? Аль эсвэл жирийн, номхон иргэд үү?

Уржигдрын явдал гэнэтхэн л тохиосон гамшиг биш байсан. “Гэм тарьж мэднэ шүү” гэдэг сануулгаа байгаль ижий эртнээс өгөөд л байсан. Гэтэл хотын удирдлагууд үүнийг төдийлөн ойшоосонгүй. Шальдар, бульдараар аргацааж, сайхан сайхан попорч, хийж байна, төлөвлөж байна, сайжруулж байна гэж ард түмнээ ам мэхээр хуурсаар л өнөөтэй золгов. Өнөөгийн үр дүнд хүрэв. Өчүүхэн сэтгэлтэй ажилласан бол болчих байлаа. Ядаж л дөрвөн хүнээр хорвоо дутахгүй байх байсан биз.

Дайны хажуугаар дажин гэгчээр Ардчилсан намынхан өчигдөр мэдэгдэл хийж байна билээ. Эрх баригчид, хотын удирдлагуудыг илтэд буруушааж, “Бид засаглаж байсан бол ийм зүйл болохгүй байх байсан” гэх ухааны юмсыг ярив. Мөнхүү бас үерт өртөж, хохирсон иргэдэд зориулж хандив цуглуулна, хандивын данс нээсэн гэдгээ ч зарлан тунхаглав. Хоржоонтой, өрөвдөлтэй. Олны зовлонгоор улс төр хийж, овоохон оноо цуглуулчих гээд л үзэв бололтой. Гэтэл тэр нь гавьсангүй. Үгүй ээ тэгээд яаж ч гавих билээ дээ...

Ардчилсан намынхан арай л тийм дорой байна аа. Тогтсон бодлого, чиглэл, хүчтэй сөрөг хүчний зангараг алга. Үе, үехэн нэг хэвлэлийн бага хурал хийж, “Огцор” гэж орилолдохоос л цаашгүй. Бодлогын түвшний юм огт ярихгүй. Шийдэл, гарц гаргалгаа ер эрэлхийлэхгүй. Цээжний бангаар л хашхиралдаад байдаг. Түүнээс нэтийг сэтгэхгүй.

Уг нь бол тэд арай өөрөөр л ажилламаар байгаа юм. Овсгоо, самбаа гаргаж, олны сэтгэлийг өөрсөддөө татах чиглэлд анхаармаар. Ардчилсан намынхнаас олигтой нь байсан бол “Хандив цуглуулъя” гэж олныг уриалахынхаа оронд, хотыг усан галаваас аврах ийм, ийм арга зам, шийдэл байна. Тэдэн төгрөгийн төсөв, өртгөөр “албажуулах” боломжтой юм. Тиймээс хотын удирдлагууд анхаараач, хийгээч, эс бөгөөс бид хийе, дэмжье, хамтран ажиллая гэх зэргээр арай өөр түвшний, бодлогын түвшний зүйлсийг мэтгэж, ярих байлаа. Гэтэл паг, таг, бүрхэг, тиймгүй.

Ер нь л Ардчилсан намынхны сэдэж, санаачилж байгаа нь бүхлээрээ явцгүй байгаад байгаа. Аль ч түвшинд ижил. Аргаа бараад, өөрсдөө чаддаггүй юм аа гэхэд ядаж л олигтойхон зөөлөхүүд, чадалтай залуусаар багаа бүрдүүлчих хэрэгтэй. Тэднийхээ санал, санаачлагад тулгуурлан ажиллавал зүй. Дотоодынхон нь дөнгөдөггүй юм бол гадаадынхныг ч ашиглахад буруудахгүй. Олон улсын мэдлэгтэй, чадвартай инженерүүдээс зөвлөгөө сонсоод, адаглаад л дээр дурдсанчлан өнөөгийн нөхцөл байдлыг эерүүлэх арга сүвэгчилмээр. Гэтэл тийм ч зүтгэл ажиглагдахгүй юм. Бүр намын дарга нь комедичин залууг зөвлөхөө болгоод л сууж байх жишээний.

Ардчилсан намынхан одоо боль оо. Арай дориун бай. Том бай, том сэтгэ. Энэ байдлаараа бол та нар ирэх сонгуульд гавихгүй. Ирэх 100 жилд ч огтоосоо тодрохгүй, торойхгүй ээ...         

Д.Сүрэн

Sanuulga.mn

       

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • ззз • 1 жил - 59.153.114.206 Хариулах
    Дорой мэдлэг чадваргүй юм чинь яаж тийм зүйл сэтгэх вэ