Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулъя.....

Газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулъя.....

Монголчуудын дотооддоо Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох гэсэн мөрөөдөл мөддөө амилах янзгүй л. Уг нь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил аль 2017 онд л эхэлсэн. Энэтхэгийн засгийн газрын 1 тэрбум 236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр уг төсөл бодит ажил хэрэг болон “амилсан” юм.

Гэвч түүнээс хойш даруй 6 жилийн хугацаа өнгөрчхөөд байхад бүтээн байгуулалтын ажлын явц хүлээлтээс доогуур хэвээр л. Дорноговь аймгийн Алтанширээ суманд бидний хүссэн шиг үйлдвэр цогцолсонгүй. Магадгүй зарим эрх мэдэлтнүүдэд цогцлоох хүсэл ч үгүй л байх шиг...

Монголчууд дотооддоо Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нь үнэмлэхүй ая тустай нь мэдээж. Жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн АИ95 автобензин, 40 мянган тонн онгоцны түлш, 864 мянган тонн дизелийн түлш, нийт 1.3 мянган тонн чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ. Энэ нь манай ДНБ-ий 55 хувийг эзлэх бөгөөд Улсын эдийн засагт мэдэгдэхүйцээр үр шимээ өгөх нь тодорхой байна.

Тооцоо судалгаанууд нь нэгэнт ингээд гарчихсан. Улсад эерэг өөрчлөлт авч ирэх ажил гэдэг нь ч нотлогдчихсон. Үйлдвэр барихын хэрэгцээ шаардлагыг ард түмэн гүнээ ухамсарлаж байгаа. Тийн атал яагаад энэхүү том бүтээн байгуулалтын ажил ахиж, урагшлахгүй байна вэ? Эсвэл ахиулж, урагшлуулахгүй байна вэ? Сүүлдээ бүр барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа компаниуд нь хүртэл аргаа барж байх шиг.

Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа аж ахуйн нэгжүүд хэвлэлийн бага хурал зарлаж, засаг төрдөө шаардлага хүргүүллээ. Төсөв мөнгөнийх нь асуудал шийдэгдэхгүй байна гэнэ. Хаана цавчаа ороод байгаа нь мэдэгдэхгүй, хэн шийдвэр гаргаад байгаа нь тодорхойгүй байсаар төслийн ажил нөр удаан гацлаа гэнэ. Ажилчдынхаа цалин хөлсийг ч тавьж чадахгүй нөхцөлд хүрлээ гэх. Туйлын харамсалтай, тун чиг хачирхалтай.

Энэтхэгийн засгийн газраас авсан тэрбум гаруй ам.доллар хаачив? Тэр мөнгө хэрхэн зарцуулагдаж, хэрхэн үгүйрээд өнөөдөр ийм нөхцөл байдал үүсч буй хэрэг вэ? энэ чинь.

Удахгүй Энэтхэгийн засгийн газраас төлөөлөгчид ирж санхүүжүүлсэн төслийнхөө үйл явцтай танилцах сурагтай. Гэтэл бид энд гавьсангүй. 6 жил “нүдээд” гараасаа олигтой юм гаргасангүй. Одоо юугаа үзүүлж, хуйхаа маажих хэрэг билээ. Бүр гадны том төлөөлөгч ирэх сургаар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцоод хохирсон, төсөв мөнгөө авч чадаагүй, гомдолтой байгаа компаниудын төлөөллүүд нүүр тулж уулзан, төр, засгийнхаа “арчаагүй байдлыг” уламжилхаар анаж байна гэх. Тун чиг ичгүүртэй. Түмний шившиг, булай.

Одоо тэгэхээр манай төр, засаг Газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ ажлыг шалавлахад онцгой анхаарч, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй ээ. Түншүүдийнхээ итгэлийг алдах ч дүүрч. Түүнээс цаадахаа, ирээдүйгээ бодоод идэвхийлэх нь чухал байна.

Энэтхэгийн засгийн газраас авсан зээлээ 2025 оноос бид буцаан төлөх учиртай. Тийн байтал үйлдвэр нь цогцлох өдий байна аа гэдэг чинь өөрөө инээдэм шүү дээ. Зээлийн мөнгө хаашаа шингэв гэдгийг эргэн нэхэх нь зүй.

УИХ дээр уг асуудлаар нээлттэй сонсгол явуулахад ч гэмгүй. Тэгэхэд л учир шалтгаан нь тодроод ирнэ. Уул "но" нь илэрнэ. Улс орны хөгжлийг ахиулах онц чухал асуудал учир ийн онцгой анхаарах нь чухал. Ард түмэнд ч нээлттэй байх нь зүй.

Тиймээс УИХ дээр Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулж асуудлыг дэнсэлье. Арга, гарц хайя. Тэгэхгүй аваас тэр том мега төсөл “утаа тоос” болж, Монголын нэр, түмнийхээ эрх ашигтай шороонд булагдах нь байна шүү дээ...

Г.Дамдин

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)