Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Д.Тогтохсүрэн: Гадаад хэлний асуудлыг сургалтын хөтөлбөрөөр зохицуулахыг дэмжлээ

Д.Тогтохсүрэн: Гадаад хэлний асуудлыг сургалтын хөтөлбөрөөр зохицуулахыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.06.26/ хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлгийн үер хөндөгдсөн гадаад хэлний сургалттай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ гадаад хэлийг сургалтын хөтөлбөрөөр нь явуулахыг дэмжлээ. Тодруулбал, англи хэлийг хамгийн эхэлж сонгох гадаад хэл байх, бусад хэлийг сонгон хэлбэрээр үзэж болно гэсэн үндсэн хөтөлбөрийг дагах хэрэгтэй гэж үзлээ. Хүүхдийн нас, бие, сэтгэхгүй, багш, боловсон хүчин, сургалтын материаллаг баазаас шалтгаалж хэддүгээр ангиас гадаад хэлийг сонгон суралцахыг боловсролын байгууллага шийдвэрлэх ёстой гэдэгт гишүүд байр сууриа нэгтгэлээ.

Хуралдаанаар мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн төслийг энэ оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал бий.

Нэгдүгээрт, нам байгуулах, бүртгэхтэй холбоотой асуудал. Өргөн барьсан хуулийн төсөлд нам байгуулж, бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороо хянаад, Улсын дээд шүүх бүртгэхээр байсан. Ажлын хэсэг үүнийг хэлэлцээд намууд материалаа шууд Улсын дээд шүүхэд өгч бүртгүүлдэг байхаар өөрчилсөн юм.

Хоёрдугаарт, намыг идэвхгүйд тооцохтой холбоотой заалтууд байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөд, улс төрийн намуудыг хариуцлагажуулж, намын санхүүжилтийг ил тод, нээлттэй болгох талаар тусгасан. Тухайлбал, УИХ-ын сонгуульд хоёр удаа оролцоогүй намыг, тухайн нам төлөөллийн төв байгууллагын хурлаа зохион байгуулж, дотоод ардчиллаа нэгтгээгүй тохиолдолд, мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар хянуулаагүй зэрэг тохиолдолд улс төрийн намыг идэвхгүйд тооцох юм. Ингэснээр санхүүжилтийг зогсоох, цаашлаад улс төрийн бүх шатны сонгуульд оролцох боломжгүй болох зэргээр хариуцлага тооцох болж байна.

Мөн төрийн аудитын байгууллагууд, аудитын хуулийн этгээдүүд улс төрийн намын санхүүд жил бүр аудит хийж, СЕХ-д хүргүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж байхыг хуульчилсан. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх саналыг дэмжлээ.

Бүлгийн хуралдааны төгсгөлд Үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн үндсэн үзэл санаа нь үнэт цаасны зах зээлийг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлэг авсан тохиолдолд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж бүлгийн хуралдаанаар шийдвэрлэлээ” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)