Орост гарсан гэх иргэний дайн Путины найруулсан жүжиг юм биш биз…
Орост иргэний дайн эхлэв гэж олон улсын хэвлэлүүдээр шуугиж байна. Түүнийг батлах мэт элдвийн бичлэгүүд ар араасаа нийгмийн сүлжээнд цацагдаж, үүссэн нөхцөл байдлыг шинжээчид олон л өнцгөөр тайлбарлаж, дүгнэж байх шиг…
“Путины тогооч” хочтой, “Вагнер” хувийн цэргийн компанийн эзэн Евгений Пригожин Украйн дахь цэргээ татан Ростовоор дайран Москва руу явж байна гэнэ. Түүний цэргийн тоо 25 мянга орчим гэх мэдээлэл цацагдаж. Тэрбээр, Батлан хамгаалах яамны сайд Шойгу, болон тусгай ажиллагааны дарга Герасимов нарыг дүүжлэнэ хэмээн мэдэгдсэн байна. Улмаар Пригожиний арми асар хурдтай урагшилж буй бөгөөд энэ хурдаараа явбал 9 цаг орчмын дараа Москва орох тооцоо байгаа юм.
Гэвч эл үйл явдлыг зарим шинжээчид энгийн л нэг шоу, Путины өөрөө “найруулагчаар нь ажиллаж байгаа” драма гэж харж, тайлбарлаж байна. Учир юун гэвээс иргэний дайныг манлайлж буй гэх Пригожин нь ОХУ-ын БХЯ-ны “системээр хүмүүжсэн” нэгэн бөгөөд бүр дайны үед БХЯ-ны нэрийн өмнөөс Мариуполь хотыг оршин суугчидтай нь устгаж байсан бараан түүхтэй этгээд юм. Нэг ёсондоо Пригожин бол Путины хүн. Тийм ч учраас эзэн рүүгээ, өөрийг нь “хүмүүжүүлсэн” систем, тогтолцоо руугаа эргэн асахын үндэс огтоосоо харагдахгүй л байгаа.
Мөн “Вагнер" хувийн цэргийн байгууллага нь ОХУ-ын ЖШЕГ-ын харьяа гэж зарим шинжээчид дүгнэсэн. Тиймээс Пригожиний дор 25 мянган хүнтэй арми байх боломжгүй. 200-300 хүнтэй нэг юмуу хоёр жижиг анги л байж болохуйц байгаа аж.
Тэгвэл Путинд ийн жүжиг тавих нь ямар ашигтай гэж…
Мэдээж эндээс хэд хэдэн үндэслэл, тайлбар “ургана”.
Хамгийн ончтой нь болбоос Путин дайнд ялагдсан. Нэр нь шалбаагт хутгалдсан. Оросын ард түмэн түүнд итгэхээ больсон. Тиймээс тэр өөрийгөө дахин баатар мэтээр тунхаглахыг хүсэж байгаа.
Тийм ч учраас өөрийн итгэлт хүнээрээ иргэний дайныг удирдуулж, тийн мэдээллүүдийг албаар нийгэмд түгээж, ард түмнийг сандрааж байж болзошгүй байна.
Энэ далимаар шалтаглаж Путин халуун цэгт байлдаж яваа цэргүүдээ эргүүлэн татах боломжтой болно. Ингэснээр Оросын арми ялагдаад ухарсан нэр зүүхгүй, иргэний дайнаас эх орноо хамгаалах гэж буй баатрын дүрээр эргэн ирнэ. Мэдээж жүжиг тул жинхэнэ дайн болохгүй мөнхүү жүжиг л өрнөнө. Путин ялна. Тэгээд тэр эргээд ардын баатар, ардаа бослогоос хамгаалсан эх оронч болно. Энгийнээр тайлбарлахад ердөө л ийм. Ийн өнцгийг олж харсан болоод л шинжээчид Орост үүсээд буй нөхцөл байдлыг тайван ажиглахыг уриалж байгаа юм.
Ямартай ч одоо бидэнд харах хүлээх л үлдлээ. Орост гарсан иргэний дайн жинхэнэ үү? Эс бөгөөс Путины дэглэсэн жүжиг үү?
Д.Сүрэн
Эх сурвалж: Үүлэнсолонго твиттер хуудас