Хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлдэг тогтолцоотой болчхоод хөгжил ярья...
“Ажил хийх сонирхолтой залуус ховорджээ” хэмээн уулга алдах нь элбэг болж. Уулга алдах ч яах вэ. Уг шалтгааныг нь л ул суурьтайхан цэгнэх нь гол байгаа юм.
Интернэт хөгжсөн цагт цагийн болоод элдэв бусын ажил олох нь туйлын амар болсон. Цахимаар хэдхэн хайлт хийгээд л болчихно. Цагийн ажлын өч, төчнөөн группууд бий. Тэнд ажилтан авна гэсэн зар “хахаж” байдаг юм билээ. Ажил хийнэ гэсэн иргэдийн зарууд ч “түм бумаараа” байх.
Тэгэхээр залуус ажил хийх сонирхолгүй байгаа юм биш. Өнөөгийн залуус өөр болсон. Яаж ийж хөдөлмөрлөөд хэрэглээний мөнгөө өөрсдөө болгохыг эрмэлздэг болсон. Эцэг, эхдээ дэм болж, ирээдүйгээ өөрсдийн хөдөлмөрөөр бүтээдэг болсон. Үүнийг олон залуусын жишээгээр олж харж болно. Бүр байг гэхэд CU, GS25 дэлгүүрүүд рүү ороход л мэдэгдэнэ дээ.
Гагцхүү өнөөгийн залуусийн дийлэнх нь ийн хөдөлмөрлөхөд саад бартаа болж буй нэг л том асуудал бий. Тэр нь юу вэ? гэвээс “хөдөлмөрийн мөлжлөг” юм.
Ажил олгогч зарим байгууллагууд ажиллахаар ирсэн залуусыг “молигоддог”. Мал шиг зарж, урт хугацаагаар “зүтгүүлчихээд” шүлс шиг цалин өгдөг. Боол мэт ес зүйгүй харьцдаг. Цалинг нь “мурьдаг”. Туршилтын хугацаа гэх нэрээр ажилласан хоногийг нь танадаг. Амласнаасаа шал өөр ажил хийлгэдэг гэх мэт асуудлууд захаасаа зөндөө. Энэ бүх хэлбэрээр залуусын хөдөлмөрийг мөлждөг. Урам зоригийг нь мохоодог. Тэгчихээд хойноос нь муу үг дайж, нийгэмд сөрөг сэтгэгдэл тараадаг. Өнөөгийн бодит дүр л ийм.Тэгээд л залуус захын нэг газарт очиж ажиллахыг хүсэхгүй байна. Хүсэхгүй ч гэж дээ хүсэлд нь дүйх ажил туйлын ховор байна.
Үнэхээр л бид хөгжил, дэвшилтэй улс орон байя аа хэмээн сэтгэж, зүтгэж байгаа бол даруй энэ асуудлыг шийдэх ёстой. Төр засаг, хараа хяналт тавих ёстой холбогдох байгууллагууд нь анхаарах нь зүй. Хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлдэг тогтолцоо, бизнес эрхлэгчидтэй болсон цагт үр шим нь үнэмлэхүй гарна. Ажил хийж байгаа, ажиллуулж байгаа аль аль тал нь л сэтгэл ханамжтай байх үндэс бүрдэнэ. Улсын эдийн засаг ч сэргэх нь дамжиггүй.
Солонгос руу иргэд яагаад олноороо зүтгээд байна вэ? Тэнд хөдөлмөр гээчийн цэнийг бодитоор үнэлж байгаа болохоор л тэр. Тиймээс бид ч мөн тийн чиг рүү урагшлах хэрэгтэй. Тиймгүй л бол горьгүй нь. Хүний хөдөлмөрийг бодитойгоор үнэлдэг болсон цагтаа л бид хөгжил ярьж, ханхалзах эрхтэй болно шүү дээ.
Д.Сүрэн
Sanuulga.mn