БЗС-гийн сонгон шалгаруулалт анх удаа нээлттэй явагдаж байна
Дэлхийн топ 50 их дээд сургуулийн шалгалтад тэнцсэн, тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлээр суралцах гэж байгаа 100 хүүхэд өнөөдөр Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцож байна. Сүүлийн 30 гаруй жил хаалттай байж, зөвхөн нөлөө бүхий дарга нар, улстөрчдийн хүүхдүүдэд л Боловсролын зээлийн сангаас зээл авдаг гэсэн мэдээлэл цацагдаж, иргэдийн дунд багагүй маргаан, бухимдал дэгдээсэн. Тэгвэл энэ удаа Боловсролын зээлийн сан анх удаа нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлаж, тэтгэлэг олгох гэж байна. Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай бөгөөд хүүхдүүд сургуулийн эрэмбэ, тэргүүлэх мэргэжил, гадаад хэлний оноо, сурлагын голч оноогоороо 20 хүртэл оноо авна. Харин хоёрдугаар шатанд суралцах ур чадварын шалгалт өгөх юм. Энэ шалгалтыг нэгдүгээр сургууль дээр өгөх бөгөөд шалгалтын материалыг цагдаа, тагнуулын байгууллагын хяналтан дор бэлтгэж, шалгалтын явцыг хэвлэл мэдээллийн байгууллагаар нээлттэй, шууд дамжуулан үзүүлж байна. Шалгалт 90 минут үргэлжлэх бөгөөд шалгалтын дүнг эцэг, эх хүүхдүүдийг оролцуулан шууд гаргана. Шалгалтад тэнцсэн хүүхдүүд шаардлагатай байгаа төлбөрөө Боловсролын зээлийн сангаас зээлээр авах эрхтэй болно. Энэхүү шалгалтыг Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, мэргэжлийн холбоодын тусламжтайгаар зохион байгуулж байна.
Эх сурвалж: Itoim.mn