Англи хэл яах вэ, журмаар зохицуулж болно. Арай өөрт анхааръя, нүүрсчдээ цэгцэлье
Сүүлийн өдрүүдэд Монголчууд “Англи хэл тойрсон” маргаанаар “амьсгалж”, нийгэм даяар асар том хэлэлцүүлгүүд өрнөж байна. Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно, болгохгүй, хүүхдүүдэд гуравдугаар ангиас нь заана, заахгүй. Энэ нь ч зөв тэр нь ч буруу, энд нэгийг ялгалаа, тэнд нэг нь хувиа бодлоо, ардын хүүхдүүд ад үзэгдлээ гэхчлэнгээр улстөрчид нэг нэгэнтэйгээ “үзэлцэж”, уул сөргөлдөөнийг ард нийтээрээ л харж, даган намирах нь намирч, даацтай цэгнэх нь цэгнэж, их л бужигнаан өрнөж байх шиг...
Даваа гаригт Боловсролын багц хуулийг Байнгын хорооны хуралдаанаар “шинжиж”, улмаар үндсэн гадаад хэл Англи хэл байна гэх заалт “унасан”. Эндээс үүдээд л өнөөдрйн эл маргаан дэгдэх үндэс бүрдсэн гэж хэлж болно.
Уг нь Боловсролын сайд хэлж байна билээ. Боловсролын багц хуулийг шинэчлэх нь л энд чухал болохоос Англи хэлтэй холбоотой асуудал гол биш. Үүнээс нэтээр анхаарал хандуулж, хэлэлцэхүйц сэдэв, агуулгууд хуульд их бий гээд. Энэ үнэн, зөв. Чухамдаа бол Англи хэлийг гуравдугаар ангиас заах заахгүйг хуулиар биш сургалтын хөтөлбөр, журмаар л шийддэг учиртай. Тэгэхээр заавал ингэж хоёр туйл болж маргалдаад, нэг нь нөгөөгөө үгүйсгэж харлуулахын шаардлага бидэнд ч, улстөчдөд ч үгүй гэсэн үг. Ямартай ч одоо лав биш. Яахав Боловсролын багц хуулиа баталчихаад түүний дараагаар дахин “хэмлэлдэж” болох шүү дээ. Манай дээдчүүлийн мунхаг нь л тэр мэт, хоржоонтой.
Монгол үндэстэн оршин тогтнохын гол үндэс нь Монгол хэл. Тиймээс бид хүүхдүүдийн, ирээдүй хойчсынхоо эх хэлний мэдлэгийг л дээшлүүлэх тал дээр чухмаа анхаарах нь зөв. Монгол хэл, соёл, уламжлалаа он удаан дэлхээх асуудалд л акцент өгмөөр бодогдох. Тэгсний дараагаар Англи хэлтэйгээ тухтайхан “ноцолдож” болноо доо. Угаас ч “ноцолдох” шаардлага “ундарна”. Журам, хөтөлбр ярих цаг ирнэ.
Тиймээс одоо энэ Англи хэл тойрсон элдэв маргаан, хэлэлцүүлгүүдээ зогсооё. Яг жинхнээр ярих ёстой үед нь л тэсэрье. Түүний оронд цугаараа Нүүрсний сонсголд анхаарлаа хандуулъя. Хулгайн асуудлаа эцэслэе...
Д.Сүрэн
Sanuulga.mn