Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Жолооч ах нараа хараал, зандралаа боль. Зөөлөн яв, зөв бай, соёлж...

Жолооч ах нараа хараал, зандралаа боль. Зөөлөн яв, зөв бай, соёлж...

Нийтийн тээврийн салбарт асуудал, дутагдал маш их бий. Ард түмэн ч хэлдэг, мэддэг, шүүмжилдэг. Парк шинэчлэл гэж олон жил л яригдсан. Одооноос л овоо ажил хэрэг болж, “албажиж” байгаа хэдий ч олны сэтгэлд нийцэхүйц үр дүнтэй байж чадахгүй л байх шиг. Автобусанд суух гэж “алалцдаг”, алсын бараа ширтэнхэн удаан хүлээж зогсдог, унаандаа суусан ч даарч хөрөх, давчдаж бүгчимдэхийн зовлон эдэлдэг бэрхшээлүүд арилаагүй хэвээр л...

Үүнээс гадна бас нэгэн зүйл тод анзаарагддаг нь нийтийн тээврийн салбарт ажиллаж буй ажилчдын харилцаа, хандлага, соёлын асуудал юм. Нийтийн үйлчилгээнд ажиллаж буй хүн нэжгээд дадлуудыг өөртөө хэвшүүлсэн байх хэрэгтэй. Наад зах нь харилцааны соёлтой, сэтгэлтэй байх учиртай юм.

Гэтэл өнөөгийн манай автобусны жолооч нарын зан ааш ер нь л тийм нэг бүдүүлэг, болхи, дээрэнгүй. Сайн нь байж болно, үгүйсгэмгүй. Гэвч анзаараад байхад дийлэнх нь л саар, мунхаг. Хараалын үг хайр найргүй урсгана. Хүүхэд хөгшид зорчиж байна шүү гэх эмээлт огт үгүй. Утсаар чанга, чанга ярина. Инээнэ, ханина, уурлана, уцаарлана, амьдралаа түмний сонорт дэлгэнэ. Хүн тээвэрлэж байгаагаа ухамсарлахгүй мал ачсан мэт хурдална. Эс бөгөөс өөрсдийн ашгийг бодож, цаг алж, зорчигчдыг хохирооно. Загинаж зандрах нь л дийлэнх. За даа хүн шиг араншин гаргаж, үүргээ чухалчилдаг нь ховор л үзэгддэг. Зорчигчоо жолооч нь “элдэвлэж”, асуудал үүсгэж, нийгмийг бухимдуулж байсан жишээ ч хэд хэд бий шүү дээ.

Мэдээж олонтой ажиллах хэцүү. Овоохон тэвчээр шаардана. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж буй хүн хүссэн, хүсээгүй ч тийм тэвчээрийг гаргах л учиртай. Тэгж байж салбарын нэр, өөрийнх нь нэртэй “өеөддөггүйн” жамтай. Манай нийтийн тээврийнхэн, ялангуяа жолооч нар үүнийг л анхаармаар байгаа юм. Үнэмлэхүйгээр соёлжиж, эерэг хандлага, эерэг ухамсрыг өөрсөддөө төлөвшүүлмээр байгаа юм.

Салбарын удирдлагууд нь ч үүнд хяналт тавьж, иргэдийн саналыг сонсож, ажилчдадаа хандсан сургалт, семинаруудыг тогтмол зохиож байх нь зүй. Ийн бид хаа хаанаа л соёлжих нь чухал.

Ер нь ч дан ганц нийтийн тээврээр зогсохгүй. Бүхий л талбарт дээрх мэт алдаа, дутагдал ажиглагддаг. Тиймээс бид материаллаг зүйл ярихаасаа урьтаж хүндээ анхаарах нь гол. Тэгж байж л хөгжил ярих эрхтэй болно. Төгс хот, төгс орчин бүрдэхийн суурь цутгагдана...       

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 5 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)