Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Нийслэлчүүдийн метротой болох мөрөөдөл скүүтер дээр “газардав уу”...

Нийслэлчүүдийн метротой болох мөрөөдөл скүүтер дээр “газардав уу”...

Бид Улаанбаатарын түгжрэл гэх ужгирсан асуудлаас ангижирч чадахгүй олон оныг ардаа үдэв. Тэр цаг хугацааны дийлэнхийг л тээврийн хэрэгсэл дотор, хотын зам дээр бухимдаж элээв. Гол харлам, харамсам.  Гогцоо, гаргалгаа олж чаддаггүй үе үеийн хотын дарга нар, эрх баригчидад ч гомдом. Тэд сайхан л ярьсан, “шидэт үлгэрүүд” зохиосон.  Ахархан ухаан гаргаж, “агаарын амлалтуудыг” олноор нь л өгсөн. Гэвч албажсан нь үгүй. Түмний доог, төсвийн гарлага болоод л мартагдсан  нь тоймгүй биз ээ.

Анх хотын дарга асан Г.Мөнхбаяр гэгч нөхөр нийслэлчүүдийг метротой болгоно гээд л их попорсон доо. Гавиагүй, санаа нь сайхан ч “сачий нь хүрээгүй”.

Түүний дараагаар Үүл дарга Улаанбаатарт тусгай замын автобус явуулж, BRT төслийг хэрэгжүүлнэ, 2017 он гэхэд метро явах боломжтой болгоно гэсэн ч бас л хэрэгжээгүй, амлалт нь цаасан дээр л үлдсэн.

Эл хийрхэл тэгээд төгссөнгүй ээ. Эдүгээд Сумъяа мээр, түгжрэлийн сайд Сү нараар түүчээлэн үргэлжилсээр байгаа гээд хэлэхэд хилс болохгүй.

Өнгөрсөн оноос авхуулаад л хотын дарга, түгжрэлийн сайд хоёр маань хотоор хөнгөн галт тэрэг явуулж, түгжрэлийг сааруулах LRT төслийн талаар эрчимтэй ярих болсныг бид мэднэ. Түгжрэлийг бууруулах хамгийн зөв гаргалгаа энэ, төсөв мөнгөний асуудал нь бүрэн шийдэгдэж байгаа, ерөнхийдөө төслийг хэрэгжүүлэх бүх нөөц бүрдсэн гээд л хэвлэлүүдэд мэдээлээд байсан. Улмаар ард олон итгэл талбисан, харсан, хүлээсэн. Гэвч Сүхбаатар сайд, Сумъяабазар дарга нарын сайхан “үлгэр” хэзээ бодит ажил хэрэг болох нь тодорхойгүй л...

Харин ч одоо бүр сайд дарга нарын “огторгуйн санаанууд” огцом доошилж, скүүтерээр хотын түгжрэлийг сааруулна гэх “инээдэмт” хувилбар дээр бууж байх шиг. Ард олон тийн элэглэж байна. Нийгмээрээ худалч дарга нарыг тийн шоглож байна.

За яах вэ. "Шидэт үлгэр биелэхэд хугацаа хэрэгтэй. Тэгж л дарга нарыг өмөөрье. Тэгээд цаашид хэрхэн ажиллахыг нь л харья даа. Яг үнэндээ тэднийг өмөөрье гээд ч өмөөрөх үг үл олдох нь эмгэнэм. Дарга, сайд нар түгжрэлээс хагацах аргыг эрэлхийлсээр, төлөвлөсөөр, “төгсийн төгс” санаануудыг өдөр шөнөгүй мэтгэсээр л...  

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)