Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

АТГ ажлаа хийсэн шиг хий. Эс бөгөөс татан буулгая...

АТГ ажлаа хийсэн шиг хий. Эс бөгөөс татан буулгая...

Нүүрсний хулгайн гэх хэрэг ерөнхийдөө “замхрах” тийшээгээ хандав. Нүүрсчид хэмээн алдраа цоллуулсан 17 хүний заримын нь хувь заяа ч хэрхэн шийдэгдэх нь, хэрхэн шийдэгдсэн нь тодорхой бус байна. Хариуцлага гэх зүйл “албажсангүй”. Хоёр гурван товариш УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд л асуудлыг царцаав. Ард түмний их тэмцлийн үр шим гарсангүй. Улстөрчдийн даажин, даапаан болоод л сарнив бололтой.

Саяхан бүр ХНХ-ын сайд Х.Булгантуяа нүүрсчдийг илчилж, барьж, хорих нь чухал бус, энэ сэдвийг орхих цаг нь нэгэнт болсон ухааны юм ярьж ард түмнийг хилэгнүүлнэ билээ. Туйлын хоржоонтой.

Энэ бүгдээс нэг л зүйл тод анзаарагдаж байгаа нь АТГ-ын “арчаагүй байдлын” бодит дүр юм. “Эд асуудалтай, но-той” гээд хэдэн хүний нэр зарлачихсан. Тийн атлаа эцсийг нь хүртэл араас нь хөөцөлдөж, тос усыг нь бүрнээ төгс ялгахын төлөө мэрийсэнгүй. Мэрийх эрмэлзэл ч харагдсангүй. Наад зах нь нүүрсний гэх хэргийн үйл явц хэрхэн үргэлжилж байгааг ч олон нийтэд дорвитой мэдээлсэнгүй. Шалгаж байна гэхээс өөр шальтай үг ганхийлгүй байсаар “шавар, шалбаагт” хутгаж байх шиг байна. Нүүрсний хулгайд нэр холбогдож байсан, шалгуулж байгаа хүмүүсийн зарим нь урлаг соёлын арга хэмжээнд оролцоод, ууж идээд гадаад, дотоодоор яваад л байгаа үзэгдэх.

АТГ-аас ард түмэн ихийг хүлээж байсан нь гарцаагүй. Хэн нь үнэн хулгайч, хэн нь хэлмэгдсэн “хохирогч” болохыг бодитойгоор, баримт нотолгоотойгоор мэдэхийг тэргүүн зэрэгт иргэд хүсэмжилж байна. Нүүрсчдийн үнэн дүрийг таньж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Арга ч үгүй юм. Асар том боломжоо нүдэн дээрээ хулгайлуулчихаад амаа хамхиад суухын хүсэл хэнд л төрөх билээ дээ

Гэтэл АТГ унжгар, доройгоосоо хагацаж чадахгүй хэвээр л. Баахан хүний нэрс зарладаг, балгийг нь дэнсэлж чадахгүй ужгируулдаг тийм л жаягаар ажиллаж байх шиг. Дан ганц нүүрсний хэргээр зогсохгүй ер нь л бүх талбарт тийм. Нэг ёсондоо улстөрчид, эрх мэдэлтнүүдийн зоргоор хөдөлдөг “угжны хурга” шиг л харагдаад байгаа. Нийгэм даяараа АТГ гэх байгууллагыг тийм л нүдээр харж, сэрдэж байна.

Одоо АТГ арай өөрөөр ажиллах хэрэгтэй. Илүү эрчтэй, илүү зоригтой. Том хэргүүдийн эцсийг нь үзэж, үнэн мөнийг нь тогтоохын төлөө мэрийдэг байх ёстой. Нэн даруй нүүрсний гэх хэргээ эцэслэх хэрэгтэй. Хулгайд нэр холбогдсон нь энэ,  энэ энэ хүмүүсийн хэрэг прокурорт шилжин хянагдаж байгаа, мөн энэ энэ хүмүүсийн асуудал шүүх рүү шилжсэн гэх мэтээр тодорхой зарлах нь зүй.

Тиймгүй л бол горьгүй нь. АТГ шальдар, булдар жижиг хэргүүд дээр “бааварлачихаад”, түүнийгээ ихэд дуулиантайгаар нийгэмд зарлаж, попорч, оноо аваад явдаг байж болохгүй. Түүнээс нэтийг л ард олон хүсэж, хүлээж байна шүү дээ. Тиймээс тэр хүлээлтийг нь эвдэхийн төлөө л ажиллах нь зүй. Эс чадваас татан буугдаж, өөр институцид үүргээ шилжүүлсэн нь өлзий биз ээ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)