“Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгож, төсвийн тодотголыг энэ 7 хоногт батална”
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудал хэлэлцжээ.
Тодруулбал, төсвийн тодотгол, УИХ-ын сонгуулийг хуулийг хэлэлцжээ. Ингээд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ 7 хоногтоо батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Учир нь хууль долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх учраас хугацаа алдалгүй батлах ёстой гэж үзжээ.
Мөн Сонгуулийн тухай хуульд заасан аль нэг хүйсийн төлөөллийг 30 хувиас бууруулахгүй байх саналыг дэмжсэн байна. Өнгөрсөн баасан гарагт хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр аль нэг хүйсийн төлөөллийг 40 хувиас бууруулахгүй байх санал дэмжигдсэн ч МАН-ын бүлэг дахин хэлэлцээд 30 хувь болгох дээр санал нэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 40 хувь болгох саналаас буцсан гэсэн үг.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төсвийн тодотголыг өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж, анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төсвийг дагасан гурван асуудал бий. Нэгдүгээрт, 2023 оны төсөвт тодотгол хийж байна. Хоёрдугаарт, 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулна. Гуравдугаарт, төсвийг дагалдуулан долоон хууль, хоёр тогтоомжид өөрчлөлт оруулна. Үүнийг бүлэг хэлэлцээд төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулийн төслийг энэ долоо хоногт дуусгах шийдвэр гарсан. Засгийн газраас өргөн барьснаар ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн учраас энэ долоо хоногт багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн эцэслэх нь зүйтэй гэж шийдсэн.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Энэтэй холбоотой асуудлыг бүлэг өнөөдөр дахин хэлэлцсэн. Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувь байгаа. Өргөн барьсан хуулийн төсөлд 30 хувиар явж байгаа. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан. Уг асуудлыг бүлэг дахин хэлэлцээд 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон” гэлээ.