Х.Нямбаатар: Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа харилцан ашигтай байх зарчим барьж ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Орано” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч –Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллалаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар“Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа харилцан ашигтай байх зарчим барьж ажиллаж байгаа.
Бид нар 2009 онд Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа алдаа оноо гаргасан гэдгээ бүх шатандаа зөвшөөрдөг.
Энэ төсөл нь манай улсад гуравдагч хөрш орны компанитай хийх томоохон Хөрөнгө оруулалтын гэрээнд тооцогдоно.
Бид 2009 онд байгуулж байсан Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гаргасан алдаагаа давтахгүй, харилцан ашигтай, цаашлаад бүс нутагтаа, энэ салбартаа тэргүүлэгч тоглогч байх амбицтайгаар Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар ажиллаж байгаа.
Өнөөдөр бид санхүүгийн загвар моделийг ярихад эрт байгаа. Нэгдүгээрт уул уурхайн эрдэс баялгийн зөвлөл хуралдаж энэ ордын ТЭЗҮ-г баталсны дараа, цугларсан дата мэдээлэлд суурилж, хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд гаднын зөвлөх үйлчилгээний байгууллагуудыг санхүүгийн болон хуулийн байгаль орчны зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллаж зөвлөх үйлчилгээ авсны эцэст нөгөө талтай хөрөнгө оруулалтын гэрээн дээр монголын Засгийн газар талаас өгөх саналыг өгөхөөр төлөвлөн ажиллаж байна” гэв.