Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Улам эрчтэй шуургалах биз ээ, итгэе...

Улам эрчтэй шуургалах биз ээ, итгэе...

Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин болоод ахмадуудын тэтгэвэрийг тодорхой хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Ялангуяа ахмадуудын тэтгэврийн тал дээр онцгой анхаарч, тэтгэврийн зөрүүг арилгах, шударга бусаар тэтгэвэр тогтоодог асуудлыг үгүй хийх зорилготой хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан нь олны сэтгэлд нийцэж байх шиг.

Өнгөрөгч жилүүдэд бид ахмадуудаа бодсон дорвитой ажил ер хийгээгүй. Тийн дүгнэхэд хилс болохгүй. Зээлийг нь тэглэж, тэд хэдэн төгрөг тэтгэвэр дээр нь нэмж атгуулснаас цааш шалиагүй. Ухаандаа бол сонгуулиа бодсон шийдвэрүүдийг л үе үеийн эрх баригчид, засаглагчид гаргаж ирсэн. Бодлого яриагүй. Аар саархан “аргацаалт” л өрнөсөн.

Тэгвэл өнөөгийн Засгийн шийдвэр басхүү голтой байна. Бодлогын түвшний асуудлыг хөндөж байна. Өмнөх өмнөх нөхдөөсөө ч ялгарч байна. Итгэлцүүр ашиглан ахмадуудын тэтгэврийг нэмлээ. Энэ нь чухамдаа тэтгэвэр тооцсон өмнөх үеийн цалин, хөлсний хэмжээг одоогийн цалин, хөлсний хэмжээнд шилжүүлж, тэтгэврийг нь бодитоор дахин тооцож байгаа арга юм. Нэг ёсондоо хувь тэнцүүлж буй хэлбэр. Цаашид ч итгэлцүүрийг жил бүр шинэчилж, тогтооно гэлээ. Сайшаалтай.

Ингэснээр ахмадуудын тэтгэвэр 58-243 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Энэ нь мэдээж өнөөгийн хүнд хэцүү цагт иргэдэд ихээхэн том дэм болж байгаа нь гарцаагүй.

Одоо үүнээсээ улбаалаад цаашид анхаарах бас нэгэн том зүйл Засгийн өмнө бий. Тэр нь юун гэвээс цалин, тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч “тэнгэрт хадчихдаг” асуудлыг зохицуулах явдал юм. Инфляцийг буулган, тодорхой түвшинд барьж, иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх тал дээр идэвхийлэн, ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй л бол цалин хөлс, тэтгэвэр нэмсний ашиг гарахгүй. Үр дүн мэдрэгдэхгүй.

Анхааран талбих энэ мэт томоос том сорилтууд бидний өмнө олон байна, цэгнэм. Захын захаас нь цэгцэлж явсаар саадгүй давахын сэжүүр ч бас Засгийн шийдвэрүүдээс өчүүхэн цухалзаж байна. Алдаа, оноогоо дэнслэн,  улам л эрчтэй шуургалам биз ээ, итгэе...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)