Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Ирэх сарын 1-нээс хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ

Ирэх сарын 1-нээс хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах тайлбарыг хэлэв. 

-Иргэдээс хүүхдийн мөнгөний хүсэлтийг цахимаар авна. Мөн оршин суудаг харьяа газрынхаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хүсэлт гаргана. Мөн хүсвэл  иргэд хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлах боломжтой. Энэ санд арваад ТББ нэгдсэн гэв.     

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн мөнгө халамж уу? Байгалийн баялгаас хүртэх ёстой өгөөж үү? Монгол төрийн хүн амаа өсгөх бодлого уу? Энэ асуулт олон жилийн турш улс төрийн маргаантай сэдэв байсаар ирлээ.

Олон улсын байгууллагууд энэ асуудлыг тодорхой болгох шаардлагыг үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн нь бодит үнэн юм. Цаашдаа ч бид энэ асуудалтай нүүр тулна.Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т, “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасан байдаг.

Аль ч улс орны ирээдүй бол өнөөдрийн хүүхэд багачууд бөгөөд улс орны хөгжлийн бодлогын суурь ирээдүй рүү чиглэсэн байх учиртай. Хөгжингүй улс орнуудад өнөөдөр хамгийн тулгамдаж буй асуудал  бол төрөлт буурах, улмаар ажиллах хүчний хомсдолд орох асуудал болон хувирч байна. Цөөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай манай улсын хувьд хүн амаа өсгөх бодлого нь төрийн бодлогын үндсэн цөм гэдэгт улс төрчид нэгдсэн ойлголтод хүрч, олон улсын байгууллагуудтай нэгдмэл байр сууринаас тайлбарлах нь чухал байна.

Энэхүү төсвийн тодотголоор хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгийг олгохоор тусгаж байна. Цаашид хүн амаа өсгөх бодлогыг Монгол Улс тууштай дэмжиж, байгалийн баялгийн шударга хуваарилалт өнөөдөр ба ирээдүйд тэгш хүртээмжтэй зориулагдах суурь зарчмыг баримталж ажиллана.

Түүнчлэн, 98 жилийн түүхтэй Хүүхдийн байгууллагын бие даасан байдлыг эрхзүйн хувьд хангаж, хүүхдийн оролцооны байгууллагуудыг Засгийн газар бодлогоор дэмжиж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн батлуулна” гэсэн юм.  

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)