Зөвшөөрөлгүй газар оршуулсан 200 шарилыг нүүлгэнэ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам” батлах тухай 86 дугаар тогтоолын дагуу нийслэлийн суурьшлын болон ногоон бүсэд зөвшөөрөлгүй оршуулсан шарилыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 4 дэхь жилдээ зохион байгуулна.
Энэ онд Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт тосгон, Баян дөхөм орчмын ногоон бүсэд байгаа 200 шарилыг нүүлгэн шилжүүлэх ба тус оршуулгын газраас өнгөрсөн онд ар гэрийнхний хүсэлтийн дагуу 100 шарилыг нүүлгэн шилжүүлж чандарлан, Далан давхрын оршуулгын газарт байрлах суварганд хүндэтгэлтэйгээр залсан юм.
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөм (25 дугаар гудамжны ард) байршилд талийгаачдаа оршуулсан иргэд 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны таниулах хэсэг, Улаанбаатар буян компанийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээллийг авч, хамтран ажиллахыг хүсье.
Заасан хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд зан үйлийг гүйцэтгэн чандарлаж, чандарыг Самбалхүндэв оршуулгын газар дах нийтийн Суварганд залах болохыг мэдэгдье .
Sanuulga.mn