Хүрэлээ сайд Улсын төсвийн тэрбум орчим төгрөгөөр “тансаглана” гэв үү...
Саяхан хятадуудтай баардаж яваад баригдаж, баахан дуулианд нэр холбогдож, сэм цагаадсан Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын ээлжит нэгэн но-г дэлгэе. Яамны байраа голж, ядруухан царай гаргаж асан Эдийн засгийн сайд маань шинэ байранд орохоор болж. Хүслээ тийн гүйцээж. Бусдын л адил “өрх тусгаарлахаар” будаг, шунхны ажил өрнүүлж байгаа сурагтай.
Тэнгис кино театрын урд байрлах Засгийн газрын 11-р байранд “албатуудтайгаа” тухлах боломжийг өвөртлөсөн. Гэвч энэ нь Хүрэлээ сайдын санааг бүрнээ сайн амраагаагүй бололтой юм. Шинэхэн “өргөөндөө” Улсын төсвийн 975 сая төгрөгөөр тавилга, тоног төхөөрөмж худалдан авахаар тендер зарлаж. Тийм ээ, тэр ийм л хоржоонтой хүн дээ...
Уг нь бол Төрийн хэмнэлтийн тухай хуульд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ямарваа тавилга, тоног төхөөрөмж авахыг хориглоно” хэмээн заасан бөгөөд энэ хууль нь ч өдгөө “амьтай л” хэрэгжиж байгаа. Гэвч уг хуулийн заалтыг хэмнэлт хэмээгчийн агуулгыг бүрнээ төгсийн төгс ойлгочихсон, ухаарчихсан байх ёстой Эдийн засгийн хөгжлийн сайд нь уландаа гишгэж байгаа бололтой.
Чухамдаа бол Төрийн хэргийг хаана ч явуулж болно. Тансаг орчинд “тарвалзаж” ажиллалаа гээд тэр чинээгээр төрийн албаныхны ажлын бүтээмж өндөр байж, улсын хөгжил урагшилдаг бол сайнсан. Даан ч тиймгүй. Тансаглах тусмаа л “аваргууд” “утаардаг” шүү дээ. Гол нь л сэтгэл, зүтгэл юм. Гоё, ганган тавига сэлт чухал биш.
Эдийн засгийн сайд үүнийг л ухаарчих хэрэгтэй байгаа юм. Энэ мэтийг ухаарч ойлгосныхоо дараа л улсын эдийн засаг хэмээн том ярьж, энд тэнд “попорч, баардаж” явах нь зүй биз ээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn