Нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэй байх саналыг дэмжсэнгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төсөлд тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлуудыг тусгасан байна.
Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс “40-өөс доошгүй” болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.