Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Х.Нямбаатар: Монгол Улсад авчирсан болон сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн

Х.Нямбаатар: Монгол Улсад авчирсан болон сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар авлигатай тэмцэх “ШУВУУ” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газраас 2023 оны авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд ШУВУУ ажиллагаа буюу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан этгээдүүдийг эх оронд нь авчирч хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, улмаар гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үндсэн зорилготой. Энэ Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Бид авлига албан тугаалын хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан, мөн бусад төрлийн гэмт хэрэг үйлдлээд мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 нэр бүхий хүнийг Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах хэвийн үйл ажиллагааг хангана гэдгийг анх мэдээлсэн. Өнөөдөр энэ тоо өсч, 127 болсон. Шувуу ажиллагааны хүрээнд 127 хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулах, бусад эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх үүрэг бүхий орнуудтай хамтран ажиллаж энэ хүмүүсийг авчрах чиглэлээр төлөвлөгөө гаргасан.

Өнөөдрийн байдлаар Интерполын улаан булант 22, хөх булантын зар мэдээгээр 72 хүнийг эрэн сурвалжилж байна.

 Зургадугаар сарын 5-ны мэдэгээр улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42 гээд нийт 45 хүнийг олж тогтоосон. Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаас олж тогтоон авчирсан таван хүн байна. Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдээд зугтсан болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд зугтсан хүнээс таван хүнийг Монгол Улсад авчраад байна. Сайн дураараа өөрөө хэргээ шийдвэрлүүлье гэсэн 12 хүн эх орондоо ирээд байна. Нэмж 10 орчим хүнийг Монгол Улсад авчрахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Монгол Улсад авчирсан болон сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Бусдад нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна.

Интерполын улаан булант эрэн сурвалжлагдаж байгаа 47 этгээдээс байгаа газар нь тогтоогдсон 25 хүн байна. Задалбал, Казахстанд 3, Туркт 4, Өмнөд Солонгост 6, АНУ-д 1, Австралид 1, Францад 1, Испанид 1, Беларусьт 1, Хонгконгт 2, Японд 1, Швейцарьт 1, Шведэд 1, Малайзад 1, Киргизэд 1 иргэн тус тус байгааг тогтоосон бөгөөд уг 25 иргэний гадаад паспортыг хүчингүй болгох бүртгэлийг хийж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эндээс Казахстан, Солонгос, Хонгконг, Киргизид байгаа 12 иргэдийг авчрах ажлыг эхлүүлсэн бөгөөд онгоцны тийз захиалгад орсон. Үлдсэн хүмүүсийн байршлыг тогтооход багагүй цаг орно.

Нүүрсний хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан Наранхүү гэдэг хүнийг Өмнөд Солонгоос авчрах бэлтгэлийг хангасан. Мөн Шувуу ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчрахаар ажиллаж байна. АНУ-ын хууль тогтоомж амаргүй учраас аль боломжит нөхцөлөөр хамтран ажиллаж байна. Энэ хүнийг санхүүжүүлж байж болзошгүй үйлдлүүдийг шалгаж байна, хаана амьдарч байгаа талаарх мэдээллийг иргэдээс хууль сахиулах байгууллагад ирсэн.

Н.Удаанжаргалын хувьд Малайзад байгаа гэдэг нь батлагдсан. Бид Малайзын хууль сахиулах байгууллагуудад бичгээ хүргүүлж, хамтран ажиллаж байна.

Тухайн хүмүүсийн гэм буруугийн асуудлыг бид шийдэхгүй. Гол нь хэргээ үнэн зөвөөр, шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй” гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)