Ч.Хүрэлбаатар: Жуулчид автомашинтайгаа аялах боломжийг бүрдүүлнэ
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ онд хэрхэн анхаарах, үүний хүрээнд ямар ямар ажлыг төлөвлөөд байгаа талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлэл өглөө. Уг салбар нь Монгол Улсын хөгжлийн 2024 оны тэргүүлэх чиглэл бөгөөд тус онд 1.3 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй юм. Тэрбээр уг ажлын хүрээнд дараах зүйлсийг төлөвлөөд байна гэв.
Агаарын тээврээр зорчих жуулчдыг нэмэгдүүлнэ
Үүнд:
- Агаарын тээврийн либералчлалыг бүрэн хэрэгжүүлнэ
- 4C, 4D ангиллын агаарын хөлөг хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж аэродром, зорчигч үйлчилгээний цогцолборыг байгуулна
- Тусгай үүргийн нислэгүүдийг зөвшөөрнө
- Орон нутгийн нислэгүүдийг нэмэгдүүлж, тогтмолжуулна
Жуулчдад зориулсан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлнэ
Үүнд:
Жуулчид автомашинтайгаа аялах боломжийг бүрдүүлнэ.
Виз олголтыг хялбаршуулах, визгүй зорчих боломжийг бүрдүүлнэ
Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Аялал жуулчлалын тусгай бүс байгуулна
Палеонтологийн нөөцөд тулгуурлан "Аялал, Судалгаа-Амралт"-ын цогцолбор байгуулна /Дундговь, Цагаансуварга/
Улирлын чанартай "Буйр нуур" усан замын боомт байгуулна.
Аялал жуулчлалын бүс нутгийн авто замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
Үүнд:
- Аялал жуулчлалын авто замын сүлжээг нэмэгдүүлэх чиглэлд 2024 онд хатуу хучилттай авто зам, авто замын их засвар, гүүр, гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
- 200 км тутамд амрах өртөө байгуулна
Дээрх үр дүнд хүрэхээр нийт 801 тэрбум төгрөгийн 35 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх аж.