Хүслээ хазаарлаж чаддаггүй “мунаг” дарга нар Монголын шившиг
Дарга “сэтэр” зүүхээрээ л даамай эрх эдлэхээр тэмүүлдэг, даамай эрх эдлэж болно хэмээн муйхарладаг хүмүүс энэ төрд, энэ улсад олон. Чухамдаа бол төрд, төрийн албанд ажиллаж буй хүн түмэн олныхоо “боол” мэт л байх учиртай юм. Басхүү ихээхэн ёс зүйтэй, намбатай, хүлээцтэй, ухамсартай чигч шударга байх учиртай. Тэдний нэртэй хамтаар Төрийн алдар ч тод дуудагддаг. Тиймийн тул муруй хазгай гишгэх эрх огтоос үгүй.
Гэтэл өнөөгийн эрх баригчид, улстөрчид, хурган дарга нар улсын нэр, төрийн алдраас илүү өөрийнхөө эрх ашгийг, хүслийг л тэргүүн зэрэгт эрэмбэлэх болж. Би гэнэдвэл надтай хамт улсын нэр шороодно гэдгийг ухамсарладаггүй. Ухамсарлахыг ч хүсдэггүй нь харамсам.
Өчигдөрхөн юм уу даа. МАН-ын хурган дарга нарын нэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат Чежүд туршлага судлана хэмээн ажлаар явж байгаад хүчин үйлдэхийг завдаж. Орчуулагчаар нь ажиллаж байсан 20 настай охиныг “ичээж, элдэвлэж”.
Улмаар Солонгосын хууль, хяналтын байгууллагынхны гарт орж, булайгаа дэлгэж байгаа юм байх. Хилийн чанадаар бөөн дуулиан, сенсаци. Монгол дарга хүчин үйлдэхийг завджээ гээд л шуурч байна. Улсын нэр утгаараа шаварт хөлбөрч байна.
Манай дарга нар ер нь хүслээ захирч чаддаггүй, “хүүхэмсэг” нөхөд байдаг бололтой юм. Манайхны төрийн хүнээ таньж, томилдоггүйн л гор л доо. Яагаав, 2019 онд тухайн үед Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан Д.Одбаяр хэмээгч “Korean Air” компанийн ажилтанд бэлгийн дарамт үзүүлж, асар том дуулиан дэгдээж байсан даа. Монголынхоо нэрийг туйлын ихээр гундааж, шороотой хутгасан энэ нөхөр 7 сая воноор торгуулж, Цэцийн даргаасаа буугаад л цагаадсан. Бүр сүүлд нь Гавьяат хуульч болоотохсон шүү дээ. Зүй нь бол ийм ёс зүйгүй үйлд нэр холбогдож, улсын нэр бузарласан этгээдийг насан туршид нь төрийн албанд ажиллуулахгүйгээр бандах л байсан юм. Даанч тийм зүйл болоогүй.
Гэтэл одоо дахиад л бараан түүх давтагдлаа. Хүслээ хазаарлаж чаддаггүй мунаг даргын түүх дахин нэгээр нэмэгдлээ. Ямар хариуцлага хүлээхийг нь л чухам хэлж мэдэхгүй юм. Тэнд нь л “дөнгөлөхгүй” бол энд лав дөнгөхгүй биз ээ. Одбаяр ахынхаа жишгийг дагаж, аймгийн засаг болоотхохыг нь ч үгүйсгэшгүй.. Хоржоонтой, эмгэнэлтэй.
Ямартай ч МАН-ын голомтыг залгуулж буй гэх хурган дарга нарын авир, араншин, байгаа байдал нэг иймэрхүү л. Том их цэвэрлэгээ хийж, мэдлэгтэй, чадвартай, ёс зүйтэй хүмүүсээр төрийн албыг чанаржуулахгүй бол нам дагаж, намтар хөөсөн нөхөд лав энэ улсын нэрийг буртаглаад дуусах бололтой шүү...
Д.Сүрэн
Sanuulga.mn