"Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарынхны суурь цалинг 1 сая төгрөг болгоно"
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Хуралдаанаар энэ оны улсын төсөвт тодотгол оруулах талаар хэлэлцсэн юм.
Тэрээр дараах 5 ажилд нийт 1.8 их наяд төгрөг зарцуулах болсон тул төсөв тодотгох шаардлага үүссэн гэв.
-Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өрх бүрд нөхөж олгох
-Төрийн зарим албан хаагчийн суурь цалинг нэмэх (үүнд 900 тэрбум төгрөг зарцуулна)
-Нийслэлийн замын түгжрэлийг шийдэх
-Халамжийн хэмжээг өсгөх.
1.8 их наяд төгрөгөөр төсвийн зардал өслөө. Энэ нь бага мөнгө биш тул бүх нөөцөө дайчлах шаардлагатай. Энэ онд татвараас, НӨАТ-өөс чөлөөлөх хууль батлахгүй.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарынхны суурь цалинг 1 сая төгрөг болгоно. Мөн төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалин 560 мянган төгрөг байгааг 750 мянган төгрөг болгоно. Эдгээр нэмэгдлийг долдугаар сарын 1-нээс нэмнэ. ҮЭ, ажил олгогчдод энэ талаар танилцуулсан. Тэтгэвэр мөн нэмнэ. Гэхдээ буруу ойлголт байгааг залруулна. Ахмадууд тэтгэврийн зөрүүг арилгах хүсэлт их ирүүлдэг. Итгэлцүүрийн улмаас тэтгэвэрт ялгаа үүссэн. 2014 онд итгэлцүүрийг өөрчилсөн юм билээ. Тэтгэврийн зөрүүг ойртуулахад 260 орчим мянган ахмад хамрагдана. Үүнд 395 орчим тэрбум зарцуулна. Асаргааны тэтгэмжийг мөн нэмнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг, байнгын асаргаа шаардлагатай иргэд, өрх толгойлсон ээж/аавуудад 280 мянган төгрөг олгодог байв. Хамгийн сүүлд 2020 онд нэмсэн. Халамжийн зардал 100 орчим тэрбум төгрөг зарцуулна" гэв.
Иргэд хүсвэл хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болох юм байна. Энэ тохиолдолд тухайн хүүхдийн мөнгө Хүүхдийн төлөө санд шилжих юм.
Төрийн болон орон нутгийн олон амралт байдаг. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн эрхийн бичиг маш их эрэлттэй байдаг. Иймд төрийн мэдлийн амралтын газарт хүүхдүүд амрах нөхцөлийг бүрдүүлнэ. Найрамдал зуслангийн баг эдгээр амралтын газарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө гэв.
Sanuulga.mn