Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийг нэмнэ, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно

МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийг нэмнэ, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар ҮХӨ-ийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн дүн болон 2023 оны төсөвт тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцсэн байна.

Гишүүдийн тоог 126 байхыг дэмжив

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаараа УИХ-ын гишүүний тоог 126 байхыг дэмжжээ. Үүний 78-ыг нь мажоритар тогтолцоогоор, 48-ыг нь пропорциональ тогтолцоогоор сонгоё гэдэгт санал нэгдсэн аж.

Төсвийн тодотголын асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар мэдээлэл өгчээ. Ингээд намын бүлгийн хуралдаанаар төсвийн тодотголыг ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоно, өнгөрсөн саруудынхыг нөхөж олгоно

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Маргааш Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж, саналаа УИХ-д өргөн барина. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгнө. Өнгөрсөн хугацаанд буюу нэгдүгээр сараас хойш мөнгөө авч чадаагүй хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Цалин, тэтгэврийн нэмнэ. Ингэхдээ хавтгайгаар нь нэмэх бус тэтгэвэр, цалингийн зөрүүг арилгана. Суурь цалин болон суурь тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулна. Энэхүү үйл ажиллагаанд 1.3 их наяд орчим нэмэлт санхүүжилт шаардлагатай. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2022 оны төсөв 1.5 их наядын өсөлттэй байсан. Мөн 2023 оны эхний улирлын байдлаар 19.6 сая тонн нүүрс гаргалаа. Одоогийн байдлаар 337 тэрбум төгрөгийн орлоготой байгаа юм. Цаашид үүнийг хадгалах замаар оны эцэст энэ удаа хийж буй тодотголд шаардлагатай санхүүжилтийг хангаж чадна" гэлээ.

Үүнээс гадна дараах зорилтот халамжуудыг нэмэхэд 90 тэрбум төгрөг гаргана.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг эхийн халамжийг 325 мянга болгоно.

  • Асаргаа шаардлагатай хүүхдээ хардаг эцэг эхийн халамжийг 255 мянга болгоно.

Нийслэлд нэмж 187 тэрбум төгрөг олгоно

Нийслэлийн түгжрэлийг бууруулахад улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийн санхүүжилт өгсөн. Уг ажилд 187 тэрбум төгрөг дутаж байгаа тул энэхүү санхүүжилтийг гаргана. Уг санхүүжилтээр хот доторх замуудыг холбоход зарцуулна. Мөн Сэлбэ сэргэлтийг тойрсон бүтээн байгуулалт хийх юм байна.

Цалинг дараах байдлаар нэмнэ

Цалинг долдугаар сарын 1 болон аравдугаар сарын 1-нд нэмнэ. Долдугаар сард эхлээд хамгийн бага шатлалын цалин авдаг буюу соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангиллын төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. Аравдугаар сард бусад төрийн албан хаагчдын цалин нэмэхийг бүлэг дэмжсэн байна.

Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын хамгийн доод цалин 565 мянга байгаа. Энэ хэмжээг долдугаар сарын 1-нээс 750 мянга болгож нэмнэ. Төрийн үйлчилгээний алба хаагч дотор төрийн нийтлэг үйлчилгээ болон бусад гээд эрүүл мэнд, боловсролоо оруулдаг байсан. Үүнийг нэгтгэж, төрийн мэргэжлийн үйлчилгээ гэдэг нэг ангилалд оруулна. Ингэснээр цалингийн ялгаатай байдал үүсэхгүй. Аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны алба хаагчдын цалин нэмнэ. Яамныхан бол харьцангуй өндөр цалинтай. Агентлаг, аймаг орон нутгийн төрийн захиргааны алба хаагчдын цалин маш бага. Тиймээс төрийн захиргааны алба хаагчдын доод цалинг сая төгрөг болгоно. Төрийн тусгай алба хаагчдын хувьд мөн ялгаатай байсан. Цагдаа нарын цалингийн доод хэмжээг нэг сая болгоно" гэлээ.

Тэтгэврийг нэмж, зөрүүг арилгана

Тэтгэврийн зөрүүг арилгахдаа хоёр аргаар арилгана. Нэгд, 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цалингийн суурь бага байх үед тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгана. Өөрөөр хэлбэл, 2000 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон багш одоо тэтгэвэрт гарч буй багш адилхан журмаар тэтгэврээ тогтоолгоно. /Ажилласан жил хамаарна/ Хоёрт, өнгөрсөн удаад тэтгэвэр нэмэгдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж бага, дунд шатлалын зөрүү байхгүй, бүгд ижил тэтгэвэр авах болсон. Тэгвэл үүнийг бүрэн арилгана гэв.

Мөн үнийн өсөлттэй уялдуулж нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)