“Ам бардам” Амарбаясгалан генсек...
Монголын улстөр ариун нэрээ алдсан. Энэ нь Монголын улстөрчид шударга ёсыг умартаж, үнэнхүү үүргээ үл огоорсонтой салшгүй холбоотой. Авлига, хээл хахууль, тендер, концесс, төсвийн хулгай “утгаа” алдаж, уул бурангуйг үйлдэгч улстөрчдийн санаа улам л “төгсөрч” байна.
Тос усыг нь ялгая хэмээн хариуцлага нэхэж хашгирсан ард түмний дуу хоолой Төрийн ордны гантиг хашаанаас цааш үл нэвтэрч, төрд түмнээ төлөөлж суугаа гэх улстөрчдийн мэлмий өнөөгийн нийгмийн үнэн дүрийг бодитоор тольдохоо болиод удав. Нийгмээрээ гундуу байна, бухимдуу байна. Нэн даруй энэ парламентад их цэвэрлэгээ хийж, шинэ салхи нэвтрүүлж, шинэ жаяг тогтооё хэмээн олноороо шуургалж байна.
Өнөөгийн парламент, эрх баригчид “бохироо гадагшлуулж” чадахаа байсан. Асуудалд орооцолдож, шударга бустай нөхцөгчдөдөө хариуцлага тооцох нь үгүй. Хайцайлж, хав дарахаа л илүүтэй чухалчлах. Тиймээс нь болоод л “ариун” гээчийн утга алдарч, төрийн нэрэнд сэв сууж байна.
ЗГХЭГ-ын дарга бөгөөд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гээд нам төрийн ажлыг хослон хийдэг албан тушаалтай, ойгүй олон гуншинтай, овоо адтай эрхэм бий. Тэрбээр түмний нүдэнд өртөж, итгэл төрүүлэхүйц, үнэн гэж бодогдохуйц үг шидлэх нь элбэг ч үнэндээ тэр нь биелэх нь ховор.
Эл эрхэм уг нь аль эртнээс л намаа цэвэрлэнэ, Концесс, ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайд нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцно, намаасаа түдгэлзүүлнэ, хөөнө гэхчлэнгээр сайхан сайхан үгсийг урсгаад л байсан. Саяхан хүртэл сангуудтай нэр холбогдсон улстөрчдийг утгаар нь “бандана”, дараагийн сонгуульд нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэх утгатай мэдэгдэл хийнэ билээ.
Д.Амарбаясгалангийн хэлсэн бүхэн нь “биеждэг” бол аль эртээ манай парламент, монголын төр, МАН “шударга, ариуны үлгэр, жишээ” болчих байсан биз. Гэвч тиймгүй хэвээр л.
Залуу генсекийн тэр сайхан амлалт, ам өчгүүд нь тэрхэн даруйдаа амьтай байгаад л төдөлгүй “үхдэг”. Хэзээ ч бодит ажил болж байсангүй. Улсаа тонож, ард түмнээ доромжлогчдын ихэнх нь л өнөөгийн парламентад сууж байна шүү дээ. Зайлуулбал зайлуулахаар л хугацаа өнгөрлөө. Даанч тийм хэрэг болсонгүй, Амраа генсек хэлсэндээ эзэн суусангүй. Эзэн суухыг ч завдсангүй.
Тийн атлаа одоо “сан тоногчдыг” цэгцэлнэ гэх. Итгэл төрөмгүй. Эгдүүцэл л өдөөх.
Д.Амарбаягалантан одоо ам, ажил хоёроо нэгэн зүгт чиглүүлмээр байгаа юм. Намаа нам шиг нам болгож, хариуцлагын тогтолцоог утгаар нь нэвтрүүлмээр байгаа юм. Тэр үйлд нөхдөө уриалмаар байгаа юм. Тэгж л энэ хугацаанд учиргүй олон худал попорсныхоо гэмийг цайруулах хэрэгтэй. Өөрийнхөө эрэмбийг ч харуулах ёстой.
Чухамдаа бол хоосон хийрхдэг бус хийх гэж чин үнэнээр идэвхийлдэг хүн л энэ төрд хэрэгтэй. Үүнийг л Амарбаясгалан туйлын чухлаар анхаарам санагдах. Харъя л даа цугаараа.
Энэ удаад тэр хэлснээ хэрэгжүүлэх үү, эс бөгөөс ээлжит хууран мэхлэлтээрээ ардаа "молигодох" уу?
Д.Сүрэн
Sanuulga.mn