Э.Амарсанаа: Нүүрсний гэх нэг ч хэрэг шүүхэд ирээгүй байна
Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-өөс өнөөдөр /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.АМАРСАНАА:
-Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг хэлье. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй.
Харин тус хэрэгтэй холбоотойгоор прокурорын саналаар шүүхээс нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
2023 оны I улирлын байдлаар хахууль өгөх, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах нийт 44 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 12 хувиар буурсан.
Авлига албан тушаал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болон нүүрсний, сангийн гэх хэрэг шүүхэд шилжин ирсэн тохиолдолд нээлттэйгээр мэдээлэл өгөх болно” гэлээ.
Sanuulga.mn