Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн татвар авна, үнэлгээг шинэчилнэ
Нийслэл энэ онд 1.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэгтэй. Үүний 1.7 их наяд нь татварын орлого, 200 тэрбум нь татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тооцжээ. Нийслэлийн татварын орлогын 85 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвараас, 15 орчим хувийг газар болон үл хөдлөх эд хөрөнгийн татвараас бүрдүүлдэг байна. Дэлхийн хотууд манайхаас эсрэгээрээ үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон газрын төлбөрөөс гол орлогоо бүрдүүлдэг аж. Энэ жилээс нийслэл үл хөдлөх эд хөрөнгийн татварын орлогыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм байна. Өнгөрсөн жил батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд хот бие даан татвараа нэмэгдүүлэх боломжтой болсон. Гэхдээ яаран хотын татварыг нэмэхгүй, харин татварын баазаа өргөтгөх аж. Эхлээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хамрах хүрээг тэлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ жилээс хоёроос дээш орон сууцтай иргэний бусад үл хөдлөх хөрөнгөөс татвар авахаар болсон. Мөн Зайсан орчмын хаус хороололд амины орон сууц эзэмшигчээс үл хөдлөх эд хөрөнгийн татвар авахаар бүртгэлийн ажлыг нийслэлээс эхлүүлсэн байна.
Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бүсчлэлээс хамаарч 0.6-1 хувь байхаар тогтоосон. Алслагдсан бүсүүд 0.6 хувиар, хотын төв буюу А бүсийнхэн 1 хувийн татвар төлж буй. Энэ хувь хэмжээ хөдлөхгүй. Харин тухайн хуулийн этгээд, иргэн үл хөдлөх эд хөрөнгөө зах зээлийн бодит үнээр үнэлж, үнэн зөв татвараа төлөхийг шаардах юм байна. Учир нь, өнөөдрийн байдлаар 30 мянга гаруй хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлдгөөс 2300-2400 орчим нь үл хөдлөх хөрөнгөө зах зээлийн бодит үнээр үнэлж, татвараа төлдөг. Үлдэж буй нь ихэвчлэн тухайн үл хөдлөх хөрөнгөө хэт багаар үнэлж татвараас зугтах, зайлсхийх аргыг хэрэглэж байгаа дүр зураг ажиглагдсан байна.
Эх сурвалж: IToim.mn