Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

С.Бямбацогт: Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болгож, тэднээр буцааж төлүүлнэ

С.Бямбацогт: Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болгож, тэднээр буцааж төлүүлнэ

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас урьд нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаар мэдээлж байна.

Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт:

АВТО ЗАМЫН САНД 50 ТЭРБУМ ТӨГРӨГ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

"Монгол Улсын Ерөнхий сайд тусгай сангуудыг  мэдээллийг ил тод болго гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу Зам, тээврийн салбарт байдаг Авто замын сангийн мэдээллийг ил тод болгоно. Түүнээс гадна ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцсан суралцагчдын мэдээллийг нээлттэй ил тод болгож байна.

Монгол Улсын авто замын тухай хуульд тусгай зориулалттай олон улсын болон улсын чанартай, орон нутгийн болон нийслэлийн замуудыг засварлах, арчлах зориулалт бүхий сантай байна гэж заасан байдаг. Үүний дагуу Авто замын сан Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Энэ сангийн орлогын хөрөнгө найман эх үүсвэрээс бүрдэх ёстой.

Өнөөдрийн байдлаар гурван эх үүсвэрээс 62 тэрбум төгрөг бүрдэж байна. Үүнээс бодитоор 50 тэрбум төгрөгийг Авто замын санд төвлөрүүлж, зарцуулж байна. Монгол Улсын хэмжээнд 14 мянган км улсын чанартай зам байгаа. Түүнээс 7400 км нь хатуу хучилттай зам. Энэ замыг засварлах, арчлах, нөхөөс цоорхойг бөглөхөд зарцуулдаг. Энэ мөнгө хангалттай биш. Хуульд заасан 8 эх үүсвэрээр 110 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхэд засвар арчлалт боломжийн хэмжээнд явагдана гэж үздэг. Засвар арчилгаа хангалтгүй байгаагаас ард иргэд эвдрэлтэй зам дээр зорчиж, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч байна.

Жишээ нь Улаанбаатараас Баян-Өлгий аймаг руу 1700 км зорчиход замын төлбөрт 5000 төгрөг төлдөг.  Гэтэл энэ мөнгөөр таваг хоол авч идэхгүй. Гэтэл шатахуунд 500 мянган төгрөг зарцуулдаг. Шатахуунд 500 мянган төгрөг зарцуулсан хэрнээ 1700 км замын арчилгаанд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэхэд 5000 төгрөг авч байна.

Монгол Улсад зам засвар, арчлалтын 32 ААН байна. 20 нь төрийн өмчит компани, 12 нь хувийн хэвшлийн компани. Энэ 32 ААН-д 50 тэрбум төгрөг хуваарилж өгч, зам засвар арчлалт хийлгүүлдэг" гэлээ.

ИНЕГ-ЫН ЗАРДЛААР 2005-2022 ОНД ГАДААДАД СУРСАН 367 СУРАЛЦАГЧИД 28 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН

ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 суралцагч суралцсан. Үүнд нийт 11 сая 376 мянган доллар буюу 28 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнд:

  • Салбарын мэргэжлээр 332
  • Нийтлэг мэргэжлээр суралцсан 35
  • Сургалтын гэрээ нь цуцлагдсан 11
  • Хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж байгаа 16
  • Одоо суралцаж байгаа 14
  • Салбартаа ажиллаж байгаа 262
  • Ажлын байр хүлээж, хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн  статистик мэдээлэл байна.

Өнгөрсөн онд сайдаар томилогдчихоод би ИНЕГ-т аудит оруулахад нэлээд зөрчил дутагдал илэрсэн. Илэрсэн зөрчил дутагдлуудын нэг хэсэг нь энэ.

Гэрээгээр суралцаад төгсөөгүй 11 хүний мэдээллийг ил болгож, тэднээр буцааж төлүүлнэ. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ зөрчсөн. Гэрээний үүргээ зөрчөөгүй хүмүүс ч бий.

ИНЕГ-ын үе үеийн удирдлагууд, дарга нарын тушаалаар хаалттайгаар сургалтын тэтгэлэг олгодог байсан бол бид үүнийг нээлттэй ил болгож, ардын хүүхэд алагчлалгүйгээр сургалтын тэтгэлгээр сураад ажиллая гэсэн боломжийг олгож, нээлттэй ил тод, тэгш хүртээмжтэй болгох журам удахгүй баталж гаргана. Цаашид манай салбарт хаалттай юм байхгүй, ар өврийн хаалгаар давуу эрх эдлэх юм байхгүй болно.

Мөн төгсчхөөд ажиллаагүй 63 хүний мэдээлэл байна. Орос-Украины дайнтай холбоотойгоор навигацийн орлого буюу агаар ашигласны төлбөрийн орлого буурснаар орон тооны цомхтгол хийх бодлого барьж байгаа учраас үүнийг зөвөөр ойлгоорой.

Буянт-Ухаад сургалтын төвүүд байгуулан нисгэгч, үйлчлэгч, нисэхийн инженер зэрэг нисэхийн салбарын мэргэжилтнүүдийг гадаадад өндөр зардлаар бус дотооддоо бэлтгэх боломж бүрдэнэ. Солонгосын хоёр ч сургуультай гэрээ байгуулж хамтарч ажиллахаар болж байна.

Өнөөдрийн байдлаар 5 улсын 135 нисдэг, өдөрт 20 гаруй нислэг хийгдэж байна. Цаашдаа Тайланд, Вьетнам, ОХУ-ын онгоц нисдэг болно. Тун удахгүй АНУ-ын онгоц Монгол Улсад буудаг болох бололцоо боломжийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл 5 улс биш 10 улсын онгоц буудаг болно" гэлээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)