Г.Занданшатар: Аравдугаар сарын 1-нээс нийт төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна
Орон нутаг, нийслэлд төрийн албаны ижил төстэй байгууллагууд дахь цалингийн хэт ялгавартай байдлыг арилгаж, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг эхний ээлжинд нэмэгдүүлэхээр тооцож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын хамтаар өнөөдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон төрийн албаны шинэчлэлийн талаар мэдээлэл танилцуулж, саналыг нь сонслоо. УИХ-аас төрийн албаны шинэчлэлийг бүх шатанд, цогцоор нь хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд бүтээмжид суурилсан цалингийн сүлжээ бий болгож, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хариуцлагыг бүх шатанд нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар төрийн албан хаагчдын цалинг хоёр үе шаттайгаар долдугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэхээр тооцоо судалгаа хийж буй талаар мэдээлэл өглөө. Нэн тэргүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчид, хамгийн бага суурь цалинтай тухайлсан салбаруудад энэ бодлого чиглэснээр цалингийн хэт ялгавартай байдлыг арилгана гэдгийг тодотголоо.