Ардын чадалтай үрсээ “энэрэх” дургүй “харгис” төр үү...
Улсын мөнгө уйлдаггүй гэдэг. Эл үгийн утгыг улстөрчид л туйлын гүнээр ухаж, бодит амьдрал дээр ч сургаал, мөрдлөгөө болгон давардаг нь илт. Түмнээ төлөөлж төрд гарсан түшээд, хачир дээрээ түмнийхээ боломж руу шунагч “араатнууд” болохыг бид хангалттай үзлээ, мэдэрлээ. ЖДҮ, нүүрс, Хөгжлийн банк, БЗС болоод бусад сангууд гээд л “аваргуудын” гар хүрээгүй талбар туйлын ховор аж. Ард түмний эрх ашиг тэдний өмнө юу ч биш, амин хувийнх нь эрх ашиг л нэн тэргүүнд эрэмбэлэгддэг бололтой. Нийгэм даяараа халаглаж, харамсаж байна. Нэлэнхүйдээ ийм л сэтгэхүйтэй хүмүүсээр улсаа засаглуулж байгаадаа гол нь харлаж, өр нь эмтэрч байна.
БЗС-гийн асуудал сүүлийн өдрүүдэд өндрийг авлаа. Иргэдийн татвараас бүрдсэн эл сангийн мөнгийг улстөрчид, тэдний үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүс дур зоргоороо захиран зарцуулдаг нь ил болов. Эрх мэдэл, мэдээлэлд ойроороо зээл, тэтгэлэг хүртдэг, хүртээдэг. Тэр мөнгөө хуулийн цоорхой ашиглаж тэглүүлдэг. Ийм л завхрал олон жил түмний нүднээс далдуур өрнөж, бугшиж. Ийм л бурангуйг мэдэлгүй жирийн ард боломжоо хулгайлуулж, цөстэй, цустай, мэдлэгтэй олон аавын охид, хөвгүүд ирээдүйгээ боомилуулжээ.
Чухамдаа бол БЗС байгаагийн гол утга учир нь сурах хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвараар халгиж яваа ч эдийн засгийн боломж, бололцоогоор дутмаг залууст дэмжлэг үзүүлж, гадаадын томоохон их сургуулиудаас мэдлэг “өвөртлөх” боломжоор “шагнахад” оршино. Гэвч энэхүү чиг үүрэг нь өдгөө өөр зүгт хэлбийж, эрх мэдэлтнүүдийн хүслийг л “услахад” зориулагддаг болжээ.
1992 оноос хойш өнөөг хүртэл төрд суусан улстөрчид БЗС-г овоохон “ноолж”, овоог ч завшиж, идэж, эдэлж. МАН, АН ялгаагүй маниусыгаа хөнгөхөн “батирч”... Нүүрсний хулгайгаас дутамгүй асар том булхайг тэд үүтгэж.
Ард түмэн бүхнийг мэдлээ. Тоо баримттай нь харлаа, үзлээ. Одоо тэдгээр “хулгайчдад”, хамсаатнуудад нь хүчээ үзүүлж, хариуцлага нэхэх цаг нь эрхгүй ирсэн биз ээ.
Авсан бол өгдөг нь соёлт нийгмийн хууль. Хүмүний ертөнцийн жам. Тиймээс сангийн мөнгөтэй орооцолдсон хэнбугай нь ч байсан тэрхүү мөнгөө эргүүлэн төлөх ёстой. Ялангуяа эрх мэдэлтнүүд, тэдгээрийн хамааралтнууд. Тэгж түмний сэтгэлийг амраа, төрийн хуульд захирагд. Эс бөгөөс хууль, хяналтынхны хүчийг мэдэрч, орон, шорондоо “морил”...
Тал талхаар өл залгаж өсөөд дэлхийн тавцанд өрсөлдөхүйц мэдлэгээр өөрийгөө цэнэглэсэн жирийн ардын хүүхдүүд л төрөөс боломж эдлэх учиртай юм. Тэрнээс биш мөнгө, хангамжаар “зодуулж” торниод, хүссэн хүсээгүй “ухаантан” сэтэр зүүсэн эрх мэдэлтнүүд, тэдгээрийн үрс ингэж даврах нь зүй бус. Өөрсдийнхөө бэлээр, эцэг эхийнхээ “ивээлээр” хүссэн сургуульдаа сурчихна л шүү дээ үнэн хэрэгтээ. Бүр байг гэхэд боломжит айлын хүүхдүүд нь зээлээр сураад, ажилтай золгосон даруйдаа тэглүүлэх биш буцаагаад төлчихдөг сэтгэлтэй л баймаар. Тийм тогтолцоог ч цаашид бий болгомоор.
Одоо үүнээс улбаалаад манай хууль хяналтынхан бусад сангуудыг ч “булан, тохойгүй” шалгаж, нэгжих хэрэгтэй. Засгаас ч тийм үүрэг, чиглэл өгч байна билээ. Цагаа олсон л шийдвэр. Их ч но илрэх вий. Их ч зүйлийн учиг тайлагдаж, ужиг тодрох биз.
Д.Сүрэн
Sanuulga.mn