76 тойргуудаараа тойрч, “далаараа тавиулж” байна...
УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор иргэдээс санал сонсож, тойргууддаа ажиллаж байгаа. Томоохон эсэргүүцэлтэй л нүүр тулж байгаа харагдах. Иргэд ууртай байна. Бухимдуу байна. Гишүүдээ хатуу үгээр хайргүй балбаж, хамаг л зовлон бэрхшээлээ тоочиж байна. Зарим нь бүр уйлж ч байна. Учирлаж байна.
Дарханаас сонгогдсон гишүүд үгээ хэлэх гэсэн иргэнийг хүчээр болиулж, эрхийг нь зөрчив. Цүнх баригчидтайгаа хамсан танхимаас ч хөөв. Үнэн үг хатуу. Үнэн дүр зураг өр өвтгөм. Үүнийг хүлээн зөвшөөрч, хүлцэж чадахгүй гишүүд харин үнэхээрийн гутамшиг.
Ховдод бүр нэг малчин түшээддээ гомдон нулимс унагасан нь олныг өндөлзүүлэв. Та нар хөдөөгүүр яваач ээ. Малчдынхаа бодит дүр, байдалтай танилцаач ээ. Төвийн албан хаагчидтай уулзалт хийсэн болж, ганц хоёр айлаар дуулиантайхан бууж, буцчихаад тойрогтоо ажилласан гэж попрохоосоо ич хэмээн ширүүхэн үг хаяв. “Аваргууд” нь анзаарч, ухаарав уу гэдэг нь л харин эргэлзээтэй. Аанай л сонссон ч сонсоогүй мэт, мэдсэн ч мэдээгүй мэт л сууцгаах.
Энэ бүгдээс нэг л зүйл харагдаад байна. Анзаарагдаад байна. Ард түмний төрдөө, түшээддээ итгэх итгэл туйлын суларчээ. Нөгөөтэйгүүр дарга хараад амаа үдүүлсэн мэт сууцгаадаг үе нь ч өнгөрч. Хэнбугай нь ч байсан дуугарвал дуугарсан шиг дуугарч чаддаг болж. Сайшаалтай.
Өнөөдөр ард түмэн ийн бухимдалтай байгаагийн гол буруутан нь мэдээж манай эрх баригчид, засаглагчид, хууль тогтоогчид. Маргаангүй. Түшээд шиг түшээд байж, төрд түмнээ хариуцлагтайгаар, шударгаар төлөөлж чадахгүй байгаа учраас л нийгэмдээ ийн адлагдаж, олонд “хулгайч” дүрээр ойлгогдоод байгаа хэрэг. Одоо байгаа нь олхиогүй. Тиймээс олон болвол бүр хэрэггүй гэж л ард түмэн үзээд байна. Дүгнээд байна. Арга ч үгүй биз.
Парламентийн хэд долоо хоног тойргоороо тойроод л дараагийн сонгуулийн өнгөө тодорхойлуулчихлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тэргүүн эрэмбийнх бус үндсэндээ ард түмний өмнө түүнээс ч чухал олон олон асуудал буйг тэд ойлгосон биз ээ. Өөрсдийнхөө хэр өндөрт “дүүлснийг” ч мөн цэгнээ биз. Тэгж найдъя...
Эхлээд биеэ зас. Түмнээ мэдэр. Түүний дараагаар төрийг эмхэлж “төрөлтнүүдээ” олшруулахаар ухаан зар “ухаант” гишүүд ээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn