Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Одоо болтол Эрдэнэт үйлдвэрт тогтоосон "Онцгой дэглэм" үйлчилсээр байна...

Одоо болтол Эрдэнэт үйлдвэрт тогтоосон "Онцгой дэглэм" үйлчилсээр байна...

-Ерөнхий сайд О онцгой дэглэмийг лавтайяа гурван удаа сунгаж, тус үйлдвэр дөрвөн он улиран Засгийн мэдэлд босоо удирдлагаар хангагдав. Өдий болтол ямар ч ТУЗ үгүй, хяналт ноль-

Монголд онцгой чухал байсан зүйл ер огт тоохооргүй зүйл болдог нь, болоод байгаа нь хачин. Ойрмогхон Эрдэнэтийн гэх нэг том хэргийн холбогдогч нарыг шүүж байгаа тухай нэгэн мэдээлэл гарсан. Тэр хурлыг тоож байгаа “амьтан” ер үгүй. Хэвлэл мэдээллийнхэн нь огт мэдээлэхгүй. Угтаа энэ хэрэг бол одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн амжилтыг тодорхойлсон нэг хүчин зүйл байсныг загасныхаас өөр ой санамжтангууд бол санаж л байгаа байх. “Жаст”-ын хэмээгдэх Ш.Батхүү нарыг шүүсэн, шүүгдэгсэд дотор байсан Г.Алтан хэмээх цагтаа Монголын нэр нүүр болж явсан бизнесч хатагтай нөгөө ертөнц рүү оджээ. Сураг ажиг сонсоход, тэр хатагтай гадаадад очиж эмчлүүлэх байсан ч хилийн хоригийг эс цуцалсан тул эх орондоо эмчлүүлээд тусыг олоогүйгээс бурханд зүглэж.

Ингээд Ш.Батхүү нарыг шүүгээд, тэдгээр холбогдогчид улсад хохирлыг хэрхэн төлөх асуудлаа “ярилцаж” аятай байгаа тухай мэдээлэгдэх. Тав хоногийн хугацаа өгсөн юм байх. Тэр тав хоног нь дуусах дөхөж баймаар. Тэдгээр шүүгдэгсэд дотор УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Тэмүүлэний эцэг Ч.Ганзориг мөн бий байх, хууль нь мөрдөгдөөд, хариуцлага ярьж буй нь үнэн бол. Ерөнхий сайд О Эрдэнэтийн асуудлыг барьж авахдаа, 2019 оны хавар дарцаглан очиж, 49 хувийнхныг үүрээр аюумшигт төрийн эрхийг лаахайдан хөөж явуулан, тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосноор мандсан.

Алга их ташигдсан, ташуулсан. Тэгээд мань О онцгой дэглэм гэгчийг тогтоохдоо, төдийлөн үндэслэл төгс бус нэгэн эртний хуулиар бамбайчилсан байдаг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хувь заяа машид буяны замаар орон, энхжингийн болно гэж айлдсан.

Өнөөдрийг хүртэл энхжин тогтсон эсэх эргэлзээтэй. Х.Бадамсүрэн гэдэг хөдөлмөрийн баатрыг төрүүлж, түүний орлогч Д.Үүрийнтуяа гэдэг авхай нарыг тэнгэрт мандуулсанаас өөрөөр шид багатай байж ирсэнийг олон зон ярилцацгаасаар. Хоохорын хүү тэнд нэг ч хөрөнгө оруулалт хийсэнгүй, адаглаад өөрийнхөө орчлонгоор дүүрэн ярьсан Туузан дамжлагын төслөө ч явуулсангүй. Зүгээр л царцсан бантан шиг байсаар баатар болов. Хоохорын хүү улсын эхний хоёр гурван албан тушаалтнаас бусдыг гөлөг ч гэж үзэхгүй ханхалзаж, Херо Баатар түүний өрөөгөөр нэг бус ханхайн орсоныг, инээн гарч ирсэнийг хүмүүс ярилцацгаасаар.

Ерөнхий сайд О онцгой дэглэмийг лавтайяа гурван удаа сунгаж, тус үйлдвэр дөрвөн он улиран Засгийн мэдэлд босоо удирдлагаар хангагдав. Өдий болтол ямар ч ТУЗ үгүй, хяналт ноль. Нэг хоёр их наяд төгрөгийг ард түмэндээ хэцүү үед нь өгсөн гэсэн.

Цахилгаан дулаанаа төлөх нь ердийн капиталист нийгэмд амьдрагчийн анхны шаардлага хэрэгцээ. Угаалтуурт татагдсан тэр их мөнгөөр урд хил дээрээ аваачсан мухар замдаа гарц, Дарханы замаа ядаж тавьсан бол улс оронд хэрэгтэй байсанд хэн эргэлзэх билээ. 49 хувийг авчирсан Должингийн Эрдэнэбилэгийг “амьтан” болгосон. Хорив. Хонгыг нь урав. Мань эр арга нь барагдаад авч ирсэн зориг, хэлцэл, өөр бусад үнэт зүйлээ аргагүйдэн баллуурдаж, гаргасан мөнгийг маань л өгчихөөрэй гэж наминчилсан харагдсан. Мөргөсөн. Төрөөр лаахайдан төгс томрох гэдгийг эрх баригчид төгөлдөр үзүүлсээр. Одоо 300, 500 сая доллар даруй тушаагтун гээд БЭТ-үүд томилдог болсон.

Төвлөрсөн төлөвлөгөөт албадлагын засаглалыг эдийн засагт тогтоож болдог үгүйг дэлхий мэдэх биз ээ. Өнөөдөр шоронд оруулж, шонд өлгөсөн С.Баяр, Д.Эрдэнэбилэг, Да.Ганболд, С.Баярцогт нарын уураг тархиар дамжин өрнөсөн Оюутолгой, Эрдэнэт үйл ажиллагаа бүтэн эс байсан аваас өнөөдрийн засгийг яруу төгөлдөр баригч наяад оныхон намайгаад, чармайгаад юу олох билээ дээ гэж олон түмэн ярилцсаар.

Алтыг аваад авдрыг түлхэхийн үлгэр тов тодорхой. Зарим нохой засуулсан хүндээ янагийн үлгэрийг үзүүлэн эрх баригч залуусаа увайгүй долоох нь нэмэж өвдөхөөс айхын эрх биз ээ, зайлуул. Тэгэж буянтнуудаа айлган таашаал авахаар бодь мөрийн зэрэгт хэрхэн нийцдэгийг бодвол хардаг юм байлгүй дээ. Одоо Эрдэнэт үйлдвэрээ эх орныхоо хяналтад өгч компанийн засаглалд байлгах уу, онцгой дэглэмээ үргэлжлүүлсээр байх уу, өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн өнөө удаан энэ хэвээр байлгах уу гэдэгт Засаг, түүний эзэн О тайлбар өгөх цаг хэдэнтээ болжээ.

Авай аялгуу дүүрэн пи ар хийгч Хэнтий нутгийн жүжигчид, төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн хэлснээр алиалагчид Эрдэнэт үйлдвэр дээр зоолоод байгааг ард түмэн харсаар л. Болж байгаа юм байх даа гэсээр л. П.Сайнзориг гэснээс энэ хүн чинь шударга сайд Х.Нямбаатарын яамны Төрийн нарийн юм шүү дээ.

Д.Загджавыг дэгээдээд л шидчихнэ билээ. Дэгээ хиймээр зүйл олон байна даа, энэ Засагт.

 

С.Гариг

 

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)