Сайд асан З.Баянсэлэнгийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгожээ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2023.05.10/ Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авснаар цагаатгасан шийдвэрийг нь хүчингүй болгожээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан. Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 иргэний материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчийн үйлдвэрийн газарт хүргүүлэх чиглэл өгсөн хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа, Ж.Бурмаа нарыг цагаатгасан юм байна.
Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин прокурорын зүгээс “З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэгт гаргасан анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол нь хуулийн шаардлагад нийцээгүй” гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэнээр эл асуудлыг өчигдөр Улсын дээд шүүх хэлэлцсэн нь энэ юм.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Сануулахад, анх энэ хэргийг шүүх хурал 2018 оны наймдугаар сард Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс түүнд 19 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж байсан юм. Энэ шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ сайд асан З.Баянсэлэнгэ мэдэгдсэн. Тэрбээр “Надад хийсэн хэрэг байхгүй. Улсаас нэг ч төгрөг аваагүй, улсыг хохироогоогүй. Түрээсийн орон сууц нь улсын мэдлийнх, түрээслэгчдийн мөнгө улсын төсөвт орж, эдийн засагт ашигтайгаар эргэлдэж байгаа. Ийм учраас би давж заалдах шатны шүүхэд хандана, нэр төрөө сэрээлгэнэ. Засгийн газар бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэсэн тогтоолоор хэрэг үүсгэж, хэн нэгэн сайдад ял үүрүүлдэг жишиг тогтох гэж байгааг эсэргүүцнэ. Засгийн газар танхимын зарчмаар ажилладаг, гаргасан шийдвэрт нэг сайд ял хүлээх ёсгүй.
Гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал сүүлийн хэдэн жил эрчимтэй явагдаж байна. Үүний нэг нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой иргэдээ орон сууцжуулахад чиглэсэн “Түрээсийн орон сууц” хөтөлбөр юм. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Төрийн орон сууцны корпорацийг байгуулж, түүгээр дамжуулан Улаанбаатар хот, хөдөө орон нутагт төрийн орон сууцыг барьж эхэлсэн байдаг. Журмыг нь Барилга хот байгуулалтын яамнаас боловсруулж, Засгийн газраас батлан, ажил үргэлжилж байхад буюу 2015 онд миний бие Барилга, хот байгуулалтын сайдаар томилогдон ажилласан юм. Ажил хүлээж аваад салбарын яамнаас хэрэгжүүлж буй төслүүдтэй газар дээр нь очиж танилцах үеэр Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах “Хангай” хотхоны дэд бүтцийн төсөл бүтээн байгуулалттай танилцсан.
Тэнд 720 айлын м/кв багатай орон сууц баригдаж байгаа нь хотын төвд ойр, дээр нь зорилтот бүлгийн иргэдэд тохиромжтой байгаад олзуурхсан.
Явсан ажлаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ерөнхий сайд чиглэл бүрээр нь асууж тодруулж, энэ төсөл хэрэгжих боломжтой юу, үгүй юу гэдгийг танхимын зарчмаар ярилцаад “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болоход манайд ганцхан үнийн санал ирсэн нь “Бээжин инженеринг” компанийн борлуулалт хариуцсан “Бэрэн” компаниас ирүүлсэн нийт 720 айлын орон сууцны м/кв-ын үнийн санал байсан. Түүнийг нь Ерөнхий сайдад танилцуулж, Сангийн яаманд уламжилсан. Сангийн яам 223 айлын орон сууцыг 15 тэрбум төгрөгт багтаан шийдэх боломжтой гэсэн хариу өгснийг 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжиж, тогтоол гарсан. Худалдан авах ажиллагаа Сангийн яам, тухайн компанийн хооронд болсноос Барилга хот байгуулалтын яам энд хамаагүй.
Гэтэл одоогоос хоёр жилийн өмнө намайг АТГ-аас Засгийн газрын тогтоолтой холбогдуулан эхлээд гэрчээр дуудаж, дараа нь сэжигтэн, яллагдагч болгоод шалгаж эхэлсэн.
Миний болон гэр бүл, үр хүүхэд, ах дүү амраг садан, надтай холбоотой байж болох бүгдийг шалгасан. Намайг ямар нэгэн байдлаар мөнгө авч энэ компанид давуу эрх олгож, байшин худалдаад авчихсан гэдэг өрөөсгөл ойлголтоор шалгаж эхэлсэн” гэж байр сууриа илэрхийлж байв.
Эх сурвалж: News.mn