Ерөнхийлөгчөө таны гаргасан түүхэн шийдвэрийг Эрчим хүчний яамны санаачлагаар цуцлахаар болжээ
Агаарын бтохирдлыг бууруулах чиглэлээр эрх баригчдын зүгээс олон жил ярьж, цөөнгүй арга хэмжээнүүдийг удаа дараалан авч хэрэгжүүлсэн боловч дорвитой үр дүнд хүрэлгүй 2018 онтой золгосон.
Өнөөдрийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа 2018 оны 02 сарын 28-ны өдөр Түүхий нүүрсийг нийслэл хотруу оруулахгүй, худалдаалахгүй байх тухай 62 дугаар тогтоол гаргаж, сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулан, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг ХХК-ийн сайжруулсан түлшээр хангах түүхэн шийдвэр гаргаж хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ ажил нь үр дүн өгч 2019, 2020 оны өвөл агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч, түүний үр дүнд 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчид үнэмлэхүй ялалт байгуулсан.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэнчлэн “Нийслэлийн агаарын тохирдлыг бууруулах түүхэн шийдвэр” нь энэ өвлөөс эхлэн замхарах төлөвтэй болжээ. Товчхондоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед гаргасан 62 дугаар тогтоолын зарим зүйл заалтыг хүчингүй болгох санал оруулжээ:
Тодруулбал, Эрчим хүчний яамны санаачлагаар Улаанбаатар хотод ажиллаж байгаа зарим нам даралтын зуухнуудад түүхий нүүрс хэрэглүүлэхийн тулд нийслэл хот руу түүхий нүүрс оруулахыг зөвшөөрөхөөр болжээ.
Ингэх шалтгааны цаана сайжруулсан түлш үйлдвэрлэдэг “Таван толгой түлш” компаний нийслэлчүүдийн түлшний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн, мөн түүхий нүүрс дамлан худалдаалах сонирхол бүхий бүлэглэл үүссэн байж болзошгүй гэж хардахад хүргэж байна.
Нэгэнт түүхий нүүрсийг хотруу оруулж, нам даралтын зуухнуудад ашиглаж эхлэх юм бол тэдгээрээс гарах утаа нь агаарын бохирдолд сөрөг нөлөөлөл учруулах төдийгүй айл өрхүүд ч гэсэн түүхий нүүрс хулгайгаар авч түлэх нөхцөл бүрдэнэ.
Түүхий нүүрс нийслэл хотруу оруулах шийдвэрийг гаргаж буй Эрчим хүчний яам, түүнийг үл ойшоох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдлүүд нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлого зорилтоос Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ухарлаа гэж хэлэхэд хүрч байна.
А.Галт
Sanuulga.mn