АН-ын бүлэг Боловсролын багц хуулиар тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгасан. Мөн алслагдсан аймаг, сумдад багшилж байгаа сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажиллах хүчний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана. Одоогийн байдлаар 27 мянган хүн 15-аас дээш жил ажиллаж байгаа аж.
Хуулийн төслийг хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Энэ хуулийн төслийг 2021 оны зургадугаар сард буюу У.Хүрэлсүхийн Засгийн газар өргөн барьсан. Түүнээс хойш шинэ Засгийн газар байгуулагдсан. “Давхар дээл”-тэй баахан сайд томилогдсон. Энэ хугацаанд Эдийн засаг хөгжлийн яам гэж хуулийн үр дагавраар эдийн засгийн үзүүлэлтийг тооцоолдог яамтай болсон.
Сайд нар тал тал тийшээ заалтуудыг нь авч давхиж байна. Ажлын хэсэг багш нарт ээлтэй олон олон заалт оруулсан боловч зарим нэг заалтыг унагааж байна. Тиймээс МАН-ын бүлэг, дарга нар, сайд нар хоорондоо учраа олтол АН-ын бүлэг 7 хоногийн завсарлага авлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар: 7 хоногийн завсарлага гэж байхгүй 5 хоногийн завсарлага өглөө. Энэ юмнуудынхаа учрыг олоо. Салбар дундын санхүүжилт гэж Төсвийн тухай хуульд байхгүй шүү дээ. Төсвийн нэг л ерөнхийлөн захирагч байна.
Sanuulga.mn