Ж.Сүхбаатар: Ирэх зургаадугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөөд байна
Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Парк шинэчлэлд 1400 орчим нийтийн тээвэр шаардлагатай гэсэн тооцоо судалгааг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны судалгаа статистик, хөдөлгөөн зохицуулалтын инженерүүд гаргажээ.
Энэ талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдрийн НИТХ-д мэдээлэл танилцуулга хийх үеэрээ онцоллоо.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах нь нэн тэргүүний асуудал. Тиймээс 2023-2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Ирэх зургаадугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Мөн нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна” гэлээ.
Sanuulga.mn