АН: ҮБХ-ны гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн амралтын өдрөөр хуралдсан АН-ын ҮБХ-ны хурлын талаар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, АН-ын гишүүн Х.Тэмүүжин нар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр АН-ын ҮБХ өргөтгөсөн хурал хийсэн. Хуралдаанаар АН-ын удирдлага болон УИХ дахь АН-ын бүлэгт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар чиглэл өгсөн.
1. Тоо, тогтолцооны асуудал байна. Манай намын бүлгээс өргөн барьсан 60:40 гэдэг харьцааг Үндсэн хуульд суулгаж өгөх нь зөв гэж үзсэн. Үндсэн хуульдаа холимог тогтолцоог суулгаж өгөхгүй бол сонгууль бүрээр өөрчилдөг, эрх баригч нам Сонгуулийн хуулиа зохиодог. Тиймээс Үндсэн хуульд оруулах саналыг Засгийн газарт хүргүүлэх шийдвэр гаргасан.
2. Хүний эрхийн чиглэлээр тодорхой саналууд гаргасан. Өнөөдөр хүний эрхийн зөрчил өдрөөс өдөрт зөрчигдөж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байна.
3. Эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой тодорхой саналуудыг Үндсэн хуульд оруулах санал гаргасан.
4. Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцээс өөр шүүх шүүдэггүй байх гэх мэт саналууд гарсан. АН өнөөдөртөө багтаад Үндсэн хуульд оруулах саналаа Засгийн газарт хүргүүлнэ.
ҮБХ-ны гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ холимог тогтолоог Үндсэн хуульд оруулъя, ингэхдээ 60 хувь нь тойргоос, 40 хувь нь жагсаалтаар сонгогдоно гэдэг дээр санал нэгдсэн. Энэ саналаа өнөөдөр хүргүүлнэ" гэлээ.
АН-ын гишүүн Х.Тэмүүжин: АН-аас таван багц сэдвийн хүрээнд 18 саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд санал болгож байна.
1. Иргэний амьд явах, эвлэлдэн нэгдэх асуудлыг хязгаарласан байгаа хязгаарлалтуудаа Үндсэн хуулиас авах
2. Эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр зоригтой алхам хийх
3. Шүүхийн тогтолцоог олон улсын жишигт хүргэж, шүүхийн дотоод дахь эрх мэдэл хуваарилалтыг хангах замаар хүний эрхийг хамгаалах баталгаа болгох
4. Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалдаг
5. Ойр, ойрхон Үндсэн хуульд гар хүрээд байна. Тиймээс Үндсэн хуулийн дархлааг Үндсэн хуульд бичихгүйгээр Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, парламентын засаглал, эрх мэдлийн хуваарилалт суурь зарчмууд эмзэг байна.
АН-аас гаргаж байгаа 18 санал дотор эрх баригчдын өнөөдрийн хийж байгаа үйлдэлд үнэлэлт дүгнэлт өгөх санаачилгууд байгаа.
Sanuulga.mn