Б.Жавхлан: Гадаад өрөөс хамааралтай дефолтын эрсдэлээс бүрэн гарлаа
Сангийн сайд Б.Жавхлан Гэрэгэ бондын төлбөрийг төлж барагдуулсан талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол Улс хамгийн анх удаа буюу 2017 онд гаргаж байсан 800 сая ам.долларын Гэрэгэ бондын үлдэгдэл 368.4 сая ам.долларыг өнгөрсөн баасан гарагт төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш зах зээлийн харилцаанд орж, олон улсын санхүүгийн байгууллагууд, Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэгтэй зээлийн харилцаанд орсон.
Өмнө нь зөвхөн санхүүгийн байгууллагуудаас зээл авдаг байсан бол 2012 оноос манай Засгийн газар бонд гаргаж эхэлсэн. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зургаан бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авч байсан. Манай Засгийн газар бондыг хоёр аргаар зохицуулалт хийж байна. Нэгд, боломжтой хэсгээ буюу төсөв өөрөө дааж чадахаа төлөх, хоёрт, төлөх боломжгүйгээ хугацааг нь хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах зорилгоор дахин санхүүжилт хийгээд явж байна. Өнгөрсөн жил зургадугаар сараас хойш манай Засгийн газар нэг тэрбум ам.долларын эх үүсвэрийг олон улсын зах зээл дээрээс босгож, Гэрэгэ болон Самурай бондын өндөр хүүтэй, хугацаа нь тулсан бондыг өрийн зохицуулалт хийсэн.
2022 оны арванхоёрдугаар сард Чингис бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларыг төсөв дээрээс төлж, дуусгасан. Харамсалтай нь Чингис бондын эх үүсвэрийн тал нь шахуу Хөгжлийн банкин дээр чанаргүй зээл болоод үлдсэн байна. Гэхдээ бид олон улсын зах зээл дээр хүлээсэн үүргийнхээ дагуу бондын өрийг хугацаандаа төлж барагдуулсан.
Одоогоор Монгол Улсын Засгийн газар гурван хуучин бонд, нэг өрийн зохицуулалтаас үүссэн бонд гээд нийт дөрвөн бондын өртэй байна. Засгийн газрын 8.6 тэрбум ам.долларын өр найман тэрбум болж буурсан. Сүүлийн гурван жилийн хугацаанд тэрбум 650 сая ам.долларын гадаад өрийн зохицуулалтыг амжилттай хийсэн. Мөн Гэрэгэ, Мазаалай, Чингис бондын өрийг бүрэн барагдуулж дууссанаар Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтын эрсдэлээс бүрэн гарлаа" гэлээ.
Sanuulga.mn