“Агаарт” биш газарт, ард түмэнтэйгээ...
Түмнээ төлөөлж парламентад суугаа гэх хууль тогтоогч “сэтэрт” далан гурван таворишийн байр байдал нэг л тийм хөгтэй, хоржоонтой байх юм аа. Явцгүй. Явуургүй. Улс төрчийн ямар ч намбагүй, имижгүй. Яаж гишүүн болсон юм бэ дээ л гэмээр нь дийлэнх. Ядмаг. Ахархан. Басхүү доромж. Даапаантай.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр Г.Занданшатар спикер Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд үүрэг өгч байх юм. Зах, худалдааны төвүүдээр явж үнийн өсөлтийн байдлыг судал гэж айлдах шиг болно билээ. Амьдралаас тасарсан тэд одоо л иргэдийнхээ дунд орж, ажиллах нь. “Гаруудын” хөрсөн дээрээ буух үе нь ирсэн шүү дээ угаас..
Манай гишүүд хэтэрхий өндөрт дүүлчихээд “газар дахиа” анзаарахгүй дэргээд байгаа нь үнэн. Чухамдаа бол тал талхаар өнөө маргаашаа болгож, үнийн өсөлтөд дарлуулан, “хамраараа газар шааж” байгаа иргэдийнхээ дуу хоолойг тэд л хамгийн түрүүнд сонордож, чуулганы танхимдаа гарц гаргалгаа эрэлхийлэн мэтгэж баймаар сан. Олныхоо дунд л гялалзаж явмаар сан. Гэвч тиймгүй юм.
Харин ч бүр ард түмнийхээ боломжоос хулгайлж, нийтийн баялгийг өөрийн юм шиг л эдэлж, зарцуулж байх. Хумсалж байх. Их наядаар нь шомбодож байх. Яалтай.
Арга ядаад л УИХ-ын дарга нь ард түмэнтэйгээ ойр ажилла гэсэн үүрэг өгч байх вэ дээ. Бусад нь байг гэхэд Эдийн засгийн байнгын хорооны хэд энэ мэтээр “ташуурдуулалгүй” санаачлагтайхан л ажилламаар санагдах. Том хариуцлага тэдэнд бий. Үүрэг бий. Тиймээс ард иргэдийнхээ бодит нөхцөл байдлыг хамгийн тодоор мэдэж, мэдэрч байх ёстой хүмүүс нь гарцаагүй тэд. Наад зах нь атар талх, арвайн гурилаас авахуулаад л иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ долоо хоногт хэрхэн нэмэгдэж байгааг судлаад мэдчихсэн, гадаа чинь ийм байна шүү гээд л ордон дотор мэтгэж суудаг бол бахдалтайяа. Өөрсдийнх нь ажилд ч нэмэртэй. Таг бүрхэг, мэдээлэл, баримжаагүй байж “сэцлэхээс л” илүү. Амьтай. Амьдралтай.
Өнөөдөр үүрэг авсан өнөөх хэд маань зах, худалдааны төвүүдээр бадарчилж яваа бололтой юм. Тийм зургууд цахим орчноор тархаж. Зүйтэй. Хэр өндөрт нисэж яваагаа эхнээсээ нэг мэдэрцгээг. Ухаарцгааг.
Ардын дундаас, ардаа төлөөлж төрд суугаа юм бол ард түмэнтэйгээ л ажиллах нь зүй. “Агаарт” биш. Анхаараач гишүүдээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn