Ахмадууд маань төрдөө, хойч үедээ “гомдож” сууна гэв үү...
Монгол төр, монголчууд бид эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан ахмадууддаа элэггүй хандаад байгаа юм биш биз. Эргэцүүлэх л асуудал...
Өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр ахмадуудын эрхийн асуудал анхаарал татаж буйг ХЭҮК-ын дарга Ж.Хунан хэлж байна билээ.
Ахмадуудад төрөөс олгож буй тэтгэвэр наад захын хэрэгцээг нь хангадаггүй, Нийгмийн халамж, хамгаалал, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжгүй, хангалтгүй байдаг. Мөн хөгжих, хөдөлмөрлөх, ядууралд өртөхгүйгээр амьдрах боломж нөхцөл ахмад настнуудад алга байна хэмээн тэрбээр онцлов. Үгүйсгэмгүй.
Тэтгэвэрт гарангуут нь л ахмадуудыг “хүний тооноос хасчих” шахуу юм болдог тийм нэг элдэвтэй зан бидэнд бий. Нийгмийн амьдралд идэвхийлэн оролцох боломж олгодоггүй. Үр ачаа тойруулаад, шатар, даам тоглосхийгээд л байж байх нь зохих мэт сэтгэдэг. Гэвч энэ нь зүй бус.
Ахмадууд маань залуустайгаа л адил ажил хөдөлмөр хийж, нийгмийн амьдралд “жийгдэлгүйгээр” оролцож, хүмүн байхуйн эрхээ тэгш эдлэхийг хүсдэг нь илт. Өөрсдөө ч хэлээд байгаа. Олонд илэрхийлээд байгаа. Тиймээс бид эдгээр хүмүүстээ “сэтгэл талбих” цаг нь нэгэнт болжээ.
Нэн тэргүүнд Засгийн газар тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг бодитойгоор авч хэрэгжүүлж, тэтгэврийн зөрүү, ялгааг арилгах хэрэгтэй. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр авч, эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг хямд, урамшуулалтай үнээр худалдан авах боломж нөхцлийг нь сайжруулбал зохино.
Ахмадууд дунд ажил хөдөлмөр хийх эрмэлзэлтэй нь бий. Тэднийг хяхаж болохгүй. Харин ч дэмжих нь зүй. Бүр байг гэхэд ахмадуудыг ажилд авсан ААН-үүдийг татвар, урамшууллаар дэмжих бодлого хэрэгжүүлэхэд ч гэмгүй. Чухамхүү бас урт хугацааны тусламж үйлчилгээний нэгдсэн цогц тогтолцоо, асаргааны даатгалын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр ч идэвхийлэм.
Энэ мэтээр ахмадуудаа дэмжих дорвитой ажил өрнүүлэхгүй бол эдгээр хүмүүс маань төрдөө, хойч үедээ гомдож сэтгэл дундуур сууна гэнэ. Урамгүйхэн байна гэнэ. Өрмийг нь аваад хусмыг нь хаяна гэгчээр өнөөгийн нийгмийг бидэнд бэлэглэсэн ачтануудаа бид умартаж, орхигдуулж болохгүй.
Цаг цагаараа байдаггүй гэдэг. Цагийн жамаар бид ч бас тэдний насыг дайрна шүү дээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn